“UB Art Fair 2012”-ын хүрээнд “Соёлын утга агуулгаар баяжсан гар урлалын бүтээл” сэдэвт сургалт өчигдөр болжээ. Сургалтад гар урлалын бүтээгдэхүүн хийдэг иргэд, соёлын чиглэлийн сургуулиудын оюутан, багш нар оролцсон юм. Түүнчлэн “UB Art Fair”-ын хүрээнд энэ сарын 6, 7-нд “Тархины зураглал” нээлттэй хичээлийг Урлагийн орон зай төвөөс явуулах ажээ.
Энэ жилийн “UB Art Fair”-ын онцлог нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог уран бүтээлч эмэгтэйчүүдийг дэмжиж буй явдал гэнэ. Тйимээс уг үзэсгэлэнд арван эмэгтэй уран бүтээлчийн бүтээлийг дэлгэн тавьжээ. Мөн дан ганц уран зураг бус уран бичлэг, уран хатгамал, монгол зураг, шавар болон эсгий эдлэлээр бүтээлээ туурвидаг уран бүтээлчдийг хамруулсан байна. Уран бүтээлчдийн тус бүр нэг бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах бөгөөд олсон мөнгийг хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй авьяаслаг хүүхэд болон эмэгтэй уран бүтээлчдийг дэмжихэд зориулах аж.
Дуудлага худалдаа маргааш буюу энэ сарын 6-нд Дүрслэх урлагийн музейн танхимд болох юм. Мөн “UB Art Fair”-ын урлагийн номын үзэсгэлэн, гар урлалын дижитал номын худалдаа, мини кино театр ажиллаж байна. Энэ арга хэмжээг Монгол, Францын соёлын төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв дэмжин ажиллаж байгаа ба Дуу, бүжгийн эрдмийн чуулгын хамт олон хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна.