Оюутнууд талбайгаа чөлөөлөхөөр тэмцлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Оюутнууд талбайгаа чөлөөлөхөөр тэмцлээ

Монголын оюутны холбооноос өнөөдөр МУИС-ийн II байрны урд байрлах Оюутны талбайг чөлөөлөх зорилготой цуглаан хийлээ.

Тэд Мэдээлэл, технологийн үндэсний төвийн арын автомашины зогсоол бүхий талбайн гарцад блок байрлуулан, машин оруулахыг хаасан байв. Уг нь бол 2002 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ талбайг Оюутны талбай хэмээн тогтоосон байдаг ажээ. Тиймээс өнөөдөр тохиож буй Монголын оюутны өдрийг тааруулан Монголын оюутны холбооноос санаачилж, оюутнуудыг хамарсан жагсаалыг 11.00 цагаас зохион байгууллаа. Энэ үеэр МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батбаяртай уулзлаа.

-Оюутны талбайд өмнө нь оюутнууд ашиглаж байсан юм уу. Арга хэмжээ зохион байгуулдаг ч юм уу?

-Оюутны талбай гэдэг зөвшөөрлийг анх 2002 онд Засгийн газраас гаргаж байсан юм. Энэ нь үндсэндээ оюутнуудад  зориулсан үзэсгэлэн яармаг, номын худалдаа, уулзалт ярилцлага гээд бүхий л арга хэмжээг зохион байгуулах нээлттэй гэсэн үг юм. Оюутнуудын зүгээс тодорхой ажлууд зохион байгуулж байсан. Гэтэл одоо бол автомашины зогсоол болж, амар хялбараар мөнгө угааж байна.

-Энэ талбайг одоо ямар байгууллагад харьяалагддаг болсон юм?

-“Blue mon” барилгын эзэмшилд, автомашины зогсоолын зориулалтаар ашиглагдаж байна. Талбайг автомашины зогсоолоор ашиглах зөвшөөрлийг нь Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 2010 онд өгсөн юм байна.

-Хотын удирдлагад өмнө нь хандаж байсан уу?

-Бид анх 2002 онд талбайтай болоод тэр даруйдаа “Мобиком” компанитай хамтраад задгай кино театр байгуулах тухай санал гаргаж байсан ч хотын удирдлагууд дэмжээгүй. Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт зогсоол барих зөвшөөрлийг эргэн харах тухай хүсэлтийг мөн илгээж байсан. Тэгэхэд энэ хоёр шийдвэр гаргадаг газруудын хариу зөрүүтэй байсныг бид мэднэ. Нэг нь “Оюутны талбайг цаашдаа зориулалтаар нь хөгжүүлж болно” гэсэн бол нөгөө нь “Автомашины зогсоолыг зориулалтаар ашиглана” гэж байв. Ямартай ч өнөөг хүртэл яг аль шийдвэр нь үндэстэй, яаж талбайгаа эргүүлж авах вэ гэдэг асуудал бүрхэг хэвээр байна.

-Өнөөдрийн хүргүүлсэн шаардлагын тухайд дэлгэрүүлбэл?

-Бид шаардлагаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хүргүүлсэн. Шаардлагад, 2010 онд Нйислэлийн засаг даргын гаргасан автомашины зогсоол болгох захирамжийг хүчингүй болгох, цаашдаа энэ талбайг оюутны чөлөөлт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болгох, оюутны А, Б хотхон байгуулах яаравчлуулах, хотхонд боловсролын болон дотуур байрны зориулалтаас өөр барилга бариулахгүй байх, оюутны А байранд барьж буй “Баруун зам” ХХК-ийн барилгыг зогсоох, нийслэлд буй их, дээд сургууль, оюутны байрны хажууд архи, тамхи борлуулдаг байгууллага ажиллуулахгүй байх” зэргийг тусгасан байгаа. Түүнчлэн  оюутны хөгжлийн төв байгуулах, багш сурагчдын ихээр зорчдог зам талбайд барилгын ажил хийж буй компаниудад шалгалт хийх гээд нийт долоон зүйлийг шаардсан.

-Шаардлагад  Нийслэлийн удирдлагууд хариу өгсөн үү?

-Бидний энэ шаардлагатай танилцаад биелүүлэх талаас шийдвэрлэх болно гэдгээ илэрхийлсэн. Ирэх долоо хоногоос хариу өгөх байх.

-Зогсоолыг хариуцаж байгаа “Blue mon” компанийнхантай уулзсан уу?

-Компанийн төлөөлөлтэй жагсаалын үеэр уулзлаа. Тэдний зүгээс уг талбайг цаашид Оюутны талбайн зориулалтаар нь ашиглаж болно гэсэн байр суурь илэрхийлсэн.
 

У.БОЛОР










Гэрэл зургийг: О.Мөнхнасан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж