Тайванийн “Democratic Progressive” намын гишүүн Се Чантин буюу Фрэнк Се Хятадад таван өдрийн хувийн айлчлал хийхээр ирсэн байна. Тэрбээр 2008 онд Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшин өрсөлдөж байсан нөлөө бүхий улс төрч юм. Шинжээчид Фрэнк Сегийн энэхүү айлчлалыг хоёр орны хоорондох таагүй харилцааг зөөлрүүлэхэд чухал түлхэц болно хэмээн найдаж байгаа ч тэрбээр Хятадын эрх баригчидтай уулзалт хийх төлөвлөгөөгүй байгаа гэнэ. Гэсэн ч түүний айлчлал хоёр орны харилцааг сайжруулж, Тайванийн тусгаар тогтнолд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт найдлага тавьсаар байгаа юм байна. Фрэнк Сегийн уг айлчлалд Бээжин багагүй ач холбогдол өгч байгаа бөгөөд тэрбээр Хятадын эрх баригчдын доогуур албан тушаалтнуудтай уулзах тухай мэдээлэл байгаа аж. Сүүлийн үед тэдний намыг Тайванийн үндсэрхэг үзэлтнүүд Хятадын эрх баригчидтай ойр дотны холбоо сүлбээтэй хэмээн сэжиглэх нь нэмэгдсэн байна. Энэ шалтгааны улмаас уг намаас сүүлийн хоёр ч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ялагдал хүлээжээ. Гэхдээ уг намын Хятадтай харилцах харилцаанд найдлага тавьж, итгэл хүлээлгэх хүмүүс ч байгаа аж. Тэрбээр уржигдар Хятадын Сямынь хотод ирсэн бөгөөд түүнийг хотын удирдлагууд халуун дотноор угтан авсан байна. Фрэнк Се Хятадад хийж буй уг айлчлалынхаа үеэр өвөг дээдсийнхээ амьдарч байсан Дуншань арал болон Бээжингийн Олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгээр зочлох аж. БНХАУ нь Тайванйин хувьд эдийн засаг, худалдааны чухал түнш нь билээ. Гэвч Хятадаас тусгаар тогтнох хүсэл сонирхолын үүднээс тус улсын эсрэг эсэргүүцэл их гарах болсноос хоёр орны хоорондох найрамдалт харилцаа бүрхэг байгаа юм.
Б.Анхтуяа