АНУ
2012 оны 7 дугаар сард өмнөх сараас 0.5 хувиар тэлээд байсан АНУ-ын аж үйлдвэрийн салбар 2012 оны 8 дугаар сард эргэн 1.2 хувиар хумигдах болсныг судлаачид дэлхийн эдийн засгийн өсөлтийн удааширлын улмаас АНУ-ын бараа бүтээгдэхүүний эрэлт буурсантай холбон тайлбарлаж байна. Үүн дээр нэмэгдэн 2012 оны сүүлээр АНУ-ын Засгийн газраас төсвийн зардлаа бууруулж, татвар нэмэх бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа нь үйлдвэрлэгчдэд нэмэлт дарамт болох төлөвтэй. Мөн ажилгүйдлийн түвшин харьцангуй өндөр буюу 8 хувьтай хэвээр байгаа нь хэрэглэгчдийн талд үзүүлэх дарамт болж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын иргэдийн итгэлийн түвшин 2012 оны 9 дүгээр сард буураагүй харин ч нэмэгдсэн хандлагыг The Thomson Reuters компаниас Мичиганы Их сургуультай хамтран явуулдаг судалгааны дүн харууллаа. Хэрэглэгчдийн энэхүү эерэг үзэлд хувьцааны үнэ болон орон сууцны үнэлгээний өсөлт нөлөөлсөн гэнэ.
Хуучин орон байрны борлуулалт 2012 оны 8 дугаар сард өмнөх сараас 7.8 хувь буюу судлаачдын хүлээж байснаас ихээр тэлж жилийн 4.82 саяд хүрсэн тухай тооцооллыг National Associaton of Realtors холбооноос 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр олон нийтэд танилцууллаа. Энэхүү үзүүлэлтийн өсөлтөд орон сууцны зээлийн хүү түүхэн доод түвшинд байгаа, орон сууцны үнэ харьцангуй хямд байгаагаас гадна шинээр орон сууц төдийлөн ихээр баригдахгүй байгаа зэрэг явдлууд голлон нөлөөлсөн гэнэ. Мөн өдөр АНУ- ын Худалдааны яамнаас гаргасан өөр нэгэн мэдээнд шинээр эхэлсэн орон байрны барилгын ажлын тоо 2012 оны 8 дугаар сард өмнөх сараас 2.3 хувиар өсч жилийн 750,000-д хүрсэн тухай дурьджээ.
Евро-бүс
Евро-бүсийн инфляцийн түвшин 2012 оны 8 дугаар сард өмнөх сараас бага зэрэг нэмэгдэн жилийн 2.6 хувьд хүрсэн гэсэн урьдчилсан тооцооллыг 2012 оны 8 дугаар сарын 31-ны өдөр Европын холбооны Статистикийн албанаас гаргаад байсан бөгөөд энэхүү тоогоо 9 дүгээр сарын 14-ний өдөр дахин бататгалаа. Сүүлийн саруудад харьцангуй буурч Европын Төв банкны зорилтот түвшин болох жилийн 2 хувь руу дөхөж очоод байсан инфляцийн түвшин ийнхүү эргэн нэмэгдэх болсонд газрын тосны үнийн өсөлт нөлөөллөө. Нэг баррель газрын тосонд ноогдох үнэ сүүлийн саруудад тогтвортой өсч 2012 оны 5 дугаар сараас хойш хүрээгүй байсан түвшин болох 100 ам.долларын түвшинг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр давжээ. Европын Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хуралдахдаа Евро-бүсийн эдийн засгийн хямралыг цаашид улам гүнзгийрнэ хэмээн тооцоолж бодлогын хүүгээ түүхэн доод түвшин болох жилийн 0.75 хувьд хэвээр үлдээжээ. 2012 оны 6 дугаар сард өмнөх сараас 2.4 хувиар нэмэгдээд байсан Евро-бүсийн экспорт 7 дугаар сард эргэн 2 хувиар буурсан тухай Люксембург дахь Статистикийн албанаас 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр мэдээллээ. 2012 оны 7 дугаар сард Евро-бүсийн импорт өмнөх сараас мөн 1.2 хувиар буурснаар бүс нутгийн гадаад худалдааны алдагдал 2012 оны 6 дугаар сард 9.3 тэрбум евро байснаас буурч 7.9 тэрбум евро (10.3 тэрбум ам.доллар)-д 2 хүрчээ. Улс тус бүрээр авч үзвэл, 2012 оны 7 дугаар сард ХБНГУ-ын экспорт өмнөх сараас 4.2 хувиар, Итали улсых 4.5 хувиар, Франц улсых 0.2 хувиар, харин Грек улсых 7 хувиар тус тус буурсан байна. Испани болон Португал улсын хувьд экспорт сарын 1.4 хувиар тус тус өссөн бол Ирланд улсых мөн 1.5 хувиар нэмэгджээ.
Их Британи
Их Британи улсын гадаад худалдааны алдагдал 2012 оны 6 дугаар сард 10.1 тэрбум фунт стерлинг байснаас буурч 7 дугаар сард 7.2 тэрбум фунт стерлинг (11.5 тэрбум ам.доллар)-т хүрсэн тухай мэдээллийг тус улсын Статистикийн албанаас 2012 оны 9 дүгээр сарын 11- ний өдөр өглөө. 2012 оны 7 дугаар сард Их Британи улсын экспорт өмнөх сараас 9.3 хувиар нэмэгдэхэд газрын тос, химийн бүтээгдэхүүн болон хэрэглээний барааны экспортын өсөлт нөлөөлсөн бол импорт өмнөх сараас 2.1 хувиар буурахад мөн газрын тос, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс гадна үнэт металлын импорт буурсан явдал голлон нөлөөлжээ. Худалдааны гол түнш болох Евро-бүсийн удирдлагуудад өрийн хямралтайгаа тэмцсэн хэвээр байгаа нь Их Британи улсын гадаад худалдаанд ийнхүү сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. 2012 оны 8 дугаар сард Их Британи улсад ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өмнөх сараас 15,000-аар буурч 1.57 саяд хүрсэн тухай Лондон хот дахь Статистикийн албанаас 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мэдээллээ. Хэдийгээр Их Британи улсад эдийн засгийн хямралыг давж гарах зорилгоор ажил олголтыг нэмэгдүүлж байгаа ч зарим судлаачид хөдөлмөрийн зах зээлийн энэхүү сэргэлтийг тогтворгүй, цаашид эрхэлсэн ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдэн гэж таамаглаж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан аргачлалын дагуу тооцсон ажилгүйдлийн түвшин 2012 оны 7 дугаар сараар дууссан гурван сарын хугацаанд 8.1 хувьтай гарчээ. Европын комиссоос гаргасан таамгаас харахад, 2012 онд Их Британи улсын ажилгүйдлийн түвшин 8.5 хувьтай тэнцэх бол Евро-бүсийх 11 хувьд хүрэх нь. Их Британи улсын инфляцийн түвшин 2012 оны 8 дугаар сард жилийн 2.5 хувьд хүртэл буурсан тухай тус улсын Статистикийн албанаас 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр мэдээллээ. Энэхүү үзүүлэлт 2012 оны 7 дугаар сард жилийн 2.6 хувь байснаас ийнхүү буурчээ. Инфляцийг буурахад голлон нөлөөлсөн салбараас дурьдвал, тавилга, ахуйн тоног төхөөрөмж, бэлэн хувцас болон ахуйн үйлчилгээний салбаруудыг нэрлэж болно. Харин тээврийн үйлчилгээ болон түлшний үнэ 2012 оны 8 дугаар сард өссөн байна. Харьцангуй хэлбэлзэл өндөртэй хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхи болон эрчим хүчний түхий эдийн үнийг хасаж тооцсон суурь инфляци 2012 оны 7 дугаар сард жилийн 2.3 хувь байснаас буурч 8 дугаар сард жилийн 2.1 хувьд хүрчээ.