– УИХ-ын өнөөдрийн хуралдаанаас өндөр албан тушаалд томилогдлоо. Өмнө нь банк, санхүүгийн чиглэлээр ямар ажил хийж байсан бэ?
– Би АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн. Дараа нь Америкийн Же Пи Морган гэдэг хөрөнгө оруулах банкинд ажиллаж байсан. Лондон дахь салбарт нь ажиллаж байсан. Миний гол үйл ажиллагаа бол санхүүгийн зах зээл дээр ажилладаг. Компаниудаас хөрөнгө босгодог. Сүүлд их яригдаад байгаа IPO-г би хийдэг байсан.
– Шинэ ажлаа юунаас эхлэх вэ?
– Юуны өмнө надад ийм том, хариуцлагатай албан тушаал даатгасан УИХ-д баярлаж байна. Ажлаа маш хариуцлагатай, мэргэжлийн төвшинд хийнэ. Нөгөө талаас Монголбанк 2013 онд том том нийгмийн болоод эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр тавьсан байгаа. Эдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө Монголбанкны хамт олонтой гар нийлж хамтарч ажиллана. Өөрийнхөө бүх мэдлэг, туршлага, эрч хүчээ үүнд дайчилж ажиллана.
– Өмнө нь гадаадад банк, санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд Монголбанкны үйл ажиллагааг шинэчлэх чиглэлд юу хийх вэ?
– Монгол Улсад тулгамдаж байгаа гол асуудал бол өндөр инфляц байна. Нийгмийн дундаж давхарга, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох зээлийн хүү өндөр байна. Энэ бүх асуудлыг анхааралтай авч үзэх ёстой эдийн засаг, нийгмийн асуудал гэж харж байгаа. Инфляцийг бууруулах, банкны хүүг багасгах чиглэлээр анхаарч ажиллана.