Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сард Иваншивили улс төрийн тавцанд гарч, гүрж нийгэмлэгийг дотроос нь дэлбэлж, сүүлийн найман жил гаруй хугацаанд улс орныг удирдсан Засгийн газрын байр суурийг ганхуулж эхэлжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр хэдхэн хоногийн өмнө болсон Гүржийн парламентийн сонгуульд “Гүрж мөрөөдөл” гэх Иваншивилийн бий болгосон сөрөг эвсэл олонхийн суудал авахаар болж байна.
Forbes-ийн дэлхийн баячуудын жагсаалтад 185 дугаарт бичигдсэн Бидзина Иванишвили 1956 оны хоёрдугаар сарын 18-нд Сачхерийн районы Чорвила сууринд уурхайчны гэр бүлд төржээ. Сургуулиа төгсөөд Тбилисийн улсын их сургуулийн Инженер, эдийн засгийн факультетад суралцжээ. Албан ёсны намтраас нь харахад тэрбээр оюутан байхдаа гудамжны цэвэрлэгч, механик, цутгамал төмрийн заводод туслах ажилчин хийж, мөнгө олдог байсан гэнэ.
Их сургуулиа онц дүнтэй дүүргээд, өнөөх заводдоо ажиллаж, ахлах инженер хүртэл дэвшиж чаджээ. Дараа нь тэндээ “Хөдөлмөрийн шинжлэх ухааны зохицуулалт” нэртэй лабораторийн дарга болов. Энэ хугацаанд тэрбээр хөдөлмөрийн зохион байгуулалтыг сайтар судалжээ. Улмаар Иванишвили Москва хотын Хөдөлмөр, нийгмийн асуудлын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн аспирантурт суралцан, дэд эрдэмтний зэрэг хамгаалав.
Бидзина Иванишвили ажлын гараагаа Төмөр хайлуулах механикийн үйлдвэрээс эхлүүлжээ. Фото: РИА Новости, Александр Имедашвили
Тбилисид эргэн ирснийхээ дараа тэр Хөдөлмөрийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах ажилтан болов. Орон сууц, байр ч үгүй, үйлдвэрийнхээ ажилчдын нийтийн байранд амьдарч байсан түүнийг ирээдүйн их эд баялгийн эзэн, тэрбумтан болно гэж төсөөлөхөөргүй байлаа. Иванишвили 1987 онд анхны хоршооллоо бүртгүүлж, тухайн үед зах зээлд эрэлт ихтэй байсан төмөр бэхжүүлэлт, олон давхарга бүхий резинэн шланг үйлдвэрлэж эхэлжээ. Гэхдээ удалгүй компьютер худалдаалах болсон байна.
Иванишвили 1980-аад оны сүүлчээр Москвад очиж, Киноны найз нарын нийгэмлэг, Мэргэжлийн бус кино бүтээгчдийн холбоо гэгчид арилжааны мэдээллийн бүх холбоотын төвийн орлогч даргаар ажиллах болжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Виталий Малкин, Сергей Мосин, Александр Брянцев нарын хамт "Агропрогресс" гэх хороошол байгуулжээ. Иванишвилийн хамтаар тэд компьютерийн худалдаа эрхэлж, хүлэмж барих ажлыг эрчимжүүлэв.
Иванишвили 1990 онд "Агропрогрессийн үүсгэн байгуулагч” гэх статустай болов. Тухайн цагтаа “Агропрогресс” цахим техникийн томоохон худалдаалагч болж, утасны аппарат, кассетийн магнитфоны үйлдвэртэй болжээ.
Тэр жил Иванишвили, Малкин, Мосин нар Оросын зээл гэх банк байгуулав. Удалгүй 1992 онд Иванишвили "МаркПольБанк" гэх мөнгөн гуйвуулга зэрэг шинэ төрлийн төлбөрийн сисмтемтэй банкны захирлуудын зөвлөлийн гишүүн болжээ. Дараа жил нь Малкины хамт Импэксбанк байгуулав. Мөн тэрбээр Орост анхных болох банкны коллежийг байгуулж, өөрөө тэндээ лекц уншдаг болсон юм.
Ерээд оны эхээр Иванишвили Орост анхны болох банкны коллежийг үүсгэн байгуулж, өөрөө лекц уншдаг байлаа. Фото: REUTERS, David Mdzinarishvili
Аюулгүй байдлынн үүднээс тэр 1994 оны есдүгээр сард “банкны салбараас албан ёсоор холдож буйгаа” зарлан, “Оросын зээл” банкны ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорчээ. Ажил, албаа орхисон түүний шалтгааныг “Гүржийн шуурхай ажиллагаатай корпус” гэх олон улсын буяны байгууллагын дэд ерөнхийлөгч болсонтой ч холбон тайлбарладаг. Тус сангийн зорилго нь олон улсын холбоог өргөжүүлэн ардын аж ахуйг сэргээж, Гүржийн улс төрийн байдлыг тогтворжуулах явдал гэнэ. Тэр жилдээ Иванишвили гэр бүлийн хамт АНУ-д очиж, танилындаа хагас жил орчим амьдарчээ. Удалгүй Парист очиж, тэндээ байшин худалдан авсан байна. Парист хэсэг амьдарсан тэрбээр 1995 онд Орост дахин ирж, эргээд Оросын зээл банкны дэд ерөнхийлөгч болжээ. Тавдугаар сард нь тэр "Инфинтрейд" гэх бүрэн бус хариуцлагатай компанийн ерөнхий захирал болов. Мөн Лебединскийн уулын баяжуулах комбинатын хувьцааны багцыг эзэмшсэн "Триада-1" компанийг үүсгэн байгуулжээ.
Оросын ерөнхийлөгчийн 1996 оны сонгуулиар Иванишвили генерал Александр Лебедийг дэмжээд, түүнийг эхний шатанд ялагдсаны дараа Борис Ельцинийг дэмжжээ. Иванишвили үүнийгээ “улстөрд оролцсон ганц тохиолдол” гэдэг боловч Лебедь 1998 онд Красноярскийн захирагч болсны дараа түүнд “боловсон хүчнээр” тусалж байжээ.
Иванишвили 2000 онд бараг гучаад үйлдвэр болон Белгород, Воронеж, Курск, Смоленск мужуудад дэд бүтэцтэй Стойленскийн уулын баяжуулах үйлдвэрийн хувьцаат компанийн ерөнхий захирлын орлогчоор томилогдлоо. Тэр жилдээ "Стойленская Нива" гэх газар тариалан, аж үйлдвэрийн корпорацийг байгуулсан байна. "Доктор Столетов" гэх эмийн сангийн сүлжээг 2002 онд нээснээс гадна "Импэксбанк" хувь нийлүүлэгчдийн нийгэмлэгийн арилжааны банкны захирлуудын зөвлөлд оржээ.
Оросын иргэн болоод байсан тэрбээр 2004 оны “Сарнайн” хувьсгалын дараа Гүржид эргэн ирж, төрөлх сууриндаа амьдрах болов. Тэр үед Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили зарлиг гаргаж, түүнд Гүржийн иргэншил олгосон байна.
Иванишвили олон жилийн турш буяны ажил хийж, төрөлх нутагтаа ихээхэн мөнгө оруулж, гүржийн театруудыг санхүүжүүлж, Cartu гэсэн буяны сан байгуулав. Тэрбээр Аджарын Цицинатела хотод хүүхдийн төв бариулахад 20 сая, Тбилисийн тэргүүн дацан Самебаг бариулаахад 30 сая ам.долларын хандив өгч байлаа. Тэр үед Иванишвили Саакашвилийн талын хүн гэгдэж, түүний төслүүдийг санхүүжүүлж ирсэн юм.
Бидзина Иванишвили эхнэр Екатерина Хведелизегийн хамт Сионийн сүмийн мөргөл дээр. Фото: РИА Новости, Михаил Мокрушин
Иванишвили 2011 оны аравдугаар сард улс төрд хөл тавьж, жинхэнэ бодит сөрөг хүчнийг үүсгэхээр зарлав. Түүний шийдвэрийн талаар өнөөг хүртэл олон цуу яриа бий. Хамгийн алдартай хувилбар нь “тэрбумтанг гомдоожээ”. Түүнээс эрх баригч нам өөрийн төслүүдэд их мөнгө шаардах болсон гэж ч ярьдаг.
Хэдэн долоо хоногийн дараа Иванишвилийн иргэний харьяаллыг Саакашвили хураав. Үүгээр тэр улс төрийн нам хөдөлгөөн байгуулж, санхүүжүүлэх хэрэгт хязгаарлалттай болсноос гадна хамгийн гол нь сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхгүй болсон юм. Иванишвили Оросын иргэн байхдаа Францын иргэний давхар харьяалалтай болсон нь Гүржийн хуульд харшлав.
Өмгөөлөгч нарын том бүлэг ажиллаж байгаа ч Иванишвили иргэний эрхээ сэргээлгэж чадаагүй ба сонгуулийн дараа тэр эрх баригчдаас долоо хоногийн дотор иргэний харьяаллаа сэргээхийг шаарджээ.
Иванишвилийн улс төрийн замыг бүрэн хааж чадахгүйгээ Гүржийн эрх баригчид ч ойлгосон байв. Иванишвилийн үүсгэн байгуулсан “Гүрж мөрөөдөл” намыг өмгөөлөгч Манана Кобахидзе гэдэг эмэгтэй түр толгойлж байна. Намыг тойрон улс төрийн эвсэл байгуулагдаж, түүнд НҮБ-д Элчин байсан Ираклий Аласанийн Бүгд найрамдах намаас гадна “Манай Гүрж-Чөлөөт ардчилал”, “Аж үйлдвэр Гүржийг аварна”, “Үндэсний чуулган”, Консерватив намууд багтсан байна.
Энэ цагаар Иванишвилийн иргэний эрхийг хураасан асуудал нийгмийн маргааныг гаргасаар байсан юм. Тавдугаар сарын сүүлчээр Гүржийн парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан Гүржид төрөөд сүүлийн таван жилийн дотор Гүржид тогтмол амьдарсан Европын холбооны улсын иргэнд таван жилийн хугацаатайгаар сонгох, сонгогдох эрхийг нь өгсөн байв. “Нэг хүнд зориулсан засвар” нэртэй болсон энэ заалтыг тэрээр улс нийгэм, Үндсэн хуулийн эсрэг гээд Иванишвили сонгуулийн эрхээ эдлээгүй юм.
Иванишвили улс төрд орж ирсэндээ өөрийн иргэний харьяаллаа алдсанаас гадна багагүй хөрөнгө мөнгөөр “төлбөр” хийлээ. Түүнийг улс төрд орж ирсний дараа эрх баригчид улс төрийн намуудын санхүүжилтэд нэлээд саад тавих хязгаарлалтыг баталсан байв.
Шинэ хуулийн дагуу Аудитийн улсын алба “Гүрж мөрөөдөл” намын эвслийн намуудыг, мөн Иванишвилийг өөрийг нь олон удаа торгосон байна. Нийт торгуулийн дүн нь 95 сая ам.долларын хэмжээнд хүрчээ. Түүний зарим хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан байна.
Гэтэл түүний талынхны тоо өссөр байлаа. Эрх баригчдад дургүй хүмүүсээс гадна тэрбумтныг мөнгө тараана гэж найдсан ядуус ч уг нам руу зүтгэжээ.
2012 оны аравдугаар сарын 1-ний орой Иванишвилийн талынхан намынхаа ялалтыг тэмдэглэж эхэлсэн байв. Миний мөрөөдөл биеллээ гэж тэр хэлжээ.
Иванишвили, мөнгө, хувийн чанар, эрх баригч намын алдаа зэрэг олон хүчин зүйлээр орчин үеиййн Гүржийн түүхийг өөрчилж байна. Тэр нь ямар болохыг цаг хугацаа харуулна. Тэрээр бараг жил шахуу олны өмнө гарч, олон удаа хэвлэл мэдээллээр яригдсан ч энгийн хар ажилчнаас долларын тэрбумтан, улс төрийн эвслийн лидер, Гүрж мөрөөдлийн бэлгэдэл Иванишвили өмнөхийн адил “таавар” хэвээр.