Туркчууд
Улаанбаатарт өөрсдийн хөрөнгөөр засч тохижуулж өгсөн гудамжийг дулаан
шугам сүлжээний ажил хийх нэрийдлээр монголчууд нэг л өглөө сүйтгээд
хаяжээ. 700 мянга, зарим эх сурвалжийн мэдээгээр бүр 2 сая орчим
ам.долларын төсөвт өртөгтэй Анкарагийн гудамжны тохижилт Улаанбаатарт л
байхгүй ажил болсныг хотынхон бахархан ярьж байсан цаг бол энэ зун.
Харин өнөөдөр ногоон байгууламж, чулуун хавтан бүхий явган хүний зам,
хайс хашаа, хөл амраах сандал, хогийн савыг нь дайн болсон аятай дэлбэ
нурааж орхиж. Сирийн иргэний дайны тухай сурвалжлагын зураг авч болмоор
ундуй сундуй дүр төрхийг эндээс харж болно. Хүний хийгээд, бусдын
бэлэглээд өгсөн зүйлийг ганц улирал ч бололгүй газартай тэгшилсэн
шалтгаан нь жил бүр энэ утаатай, хогтой, тоостой хотынхны хөл болгон
хийдэг өвөлжилтийн бэлтгэл ажээ. Тус гудамжинд “Зоос гоёл” компанийн
хажуугийн дулааны шугам цоорсон нь тогтоогдсон учраас Анкарагийн
гудамжинд шугам сүлжээний засварын ажлыг 8 дугаар сард эхлүүлсэн байна.
Хотын тухайн үеийн засаг дарга тохижилт хийгдэхээс өмнө шугам сүлжээ,
газар шорооны ажлаа хийж дуусгахыг үүрэг болгосон ч шаардлагатай төсөв
хөрөнгийг Эрдэс баялаг эрчим хүчний яам /хуучнаар/ шийдэж өгөөгүй ажээ.
Мөнөөх эх толгой нь олддогүй, хариуцлагагүй монгол зангаас болж дулаан
шугам, сүлжээг солилгүй "хүлээж" байгаад Анкарагийн гудамжинд туркуудын
мөнгө шингэсэн тохижилт хийгдэж дуусмагц буюу өнгөрсөн наймдугаар сараас
гинжит техник оруулан, дайн зарласан мэт "янзалж" эхэлсэн байна.
Халагласан олон, сэрэмжлүүлсэн хэвлэлийнхэнд өгсөн тайлбар нь "Санаа бүү
зов. Яг байсан янзаар нь сайхан болгоод тавьчихна." Харин бодит байдал
дээр "хүний (уул нь хүний биш өөрсдийнх нь юм) юманд хүрз барьсан …
шиг" монголчуудын хийсэн "эргээд сайхан болгочихсон" тохижилтыг та гэрэл
зураг дээрээс харж байна.
Түүх сөхвөл хоёр жилийн өмнө туркчууд
манай хотод өөрсдийн нэрэмжит гудамжтай болохыг хүссэн хүсэлтээ хотын
удирдлагуудад гаргажээ. Хүсэлтийн дагуу Хүнсний 1 дүгээр дэлгүүрээс СУИС
хүртэлх гудамжийг Туркын Анкара хотын нэрэмжит гудам болгосон билээ.
Туркийн Анкара хот Улаанбаатартай ах дүүгийн холбоо тогтоосноос хойш тус
гудамжин дахь тавдугаар дунд сургуулийг Туркийн нэртэй удирдагч, анхны
ерөнхийлөгч Ататуркийн нэрэмжит болгон Анкарагийн гудамж хэмээн нэрших
болсон юм. Тиймээс ч Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвараас СУИС-ийн
өмнөх уулзвар хүртэлх гудамжийг Туркийн хөрөнгө оруулалтаар энэ жил засч
тохижуулсан билээ. Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотоор овоглосон уг
гудамж нийт 2.8 га талбайг эзэлдэг. Гудамжны хоёр талын явган хүний зам
болоод замын гэрэлтүүлгийг шинэчлэн хийж, сандал байрлуулан, ногоон
байгууламж, зүлэгжүүлэлтийн ажил хийжээ.
Харин энэ бүхнийг "Халх
голын дайн" болгосон "Улаанбаатар дулааны сүлжээ" компани шугам
угсралтаа дуусгаад, тохижилтын ажлыг өмнө байсан хэмжээнд сэргээх ажлыг
өнгөрсөн 9 дүгээр сарын 20 гэхэд дуусгана гэж байсан билээ.
Харамсалтай
нь, дахин тохижилт хийж, урьд нь байсан хэмжээнд хүргэнэ гэж байсан
нөхөд ажлаа дутуу гүйцэтгээд явжээ. Анкарагийн гудамжинд байрлуулсан
сандал эвдэрч, хогийн сав нь суурилуулсан газраас салж унажээ. Мөн
явган хүний замыг хуулж хаяад хэвэнд нь оруулаагүй байна. Энэ гудамж нэг
ийм өнгө төрхтэй. Тоглоомоо орхиод явсан хүүхдийн цэцэрлэгийг
санагдуулам дүр төрх. Хүч, хөдөлмөр гаргаж ургуулсан ногоон байгууламж
бол бүр авах зүйл алга.
Хот тохижилт үйлчилгээний газрын орлогч
дарга Ц.Суманжаваас 24 tsag.mn энэ талаар тодруулахад "Анкарагийн гудамж
манай харъяанд байдаггүй. Манайх хот тохижилтын ажлыг хариуцдаггүй" гэж
хариулж байна.
Одоо Улаанбаатар хот ахин Турк улсын зүг гар
сарвайн харах эрхгүй боллоо. Гэртээ нүүрсээ түлээд шороо чулуун
дундуураа харин ч нэг туучаад байж дээ…
Харин туркуудын тэрбумаар зарсан ажлыг монголчууд ийнхүү "дахин тохижуулав."
Тус
гудамжийг тохижуулахад 700 мянган ам.доллар зарцуулсан гэдэг. Энэхүү
гудамжийг орчин үеийн шаардлага хангасан гэрэлтүүлгээр чимэглэж, европ
стандартаар тохижуулсан юм. Гэвч…
ЭХ СУРВАЛЖ: WWW.24TSAG.MN