МҮОХ 2010 оны намар олимпийн галт бамбарыг эх орны өнцөг булан бүрт аялуулах санаачилга гаргаж, анхных нь Сэлэнгэ аймгаас эхэлж байлаа. Тэгвэл энэ аялал манай орныг туулан өртөөлсөөр 21 дэх аймагтаа шилжлээ. Өнгөрсөн сард Хэнтийгээс бамбарыг хүлээн авсан дорнодчууд сая Сүхбаатарт шилжүүлэн өгсөн юм. Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн, “Олимпийн өвөө” Ш.Магван, дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт, XX зууны манлай тамирчин З.Ойдов, МҮОХ-ны Олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү, мэргэжилтэн Ц.Цэнд-Аюуш болон бамбарыг хүлээн авах Сүхбаатар аймгийн төлөөлөгчид оролцсон юм. Олимпийн хорооны төлөөлөгчид Дорнод аймагт хоёр хоног саатахдаа ерөнхий боловсролын сургуулиудаар зочилж, аймгийн удирдлагуудтай уулзан санал солилцсон. Мөн энэ үеэр Д.Загдсүрэн дарга Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан олимпийн наадам, олимпийн төрлийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох мөнгөн урамшуулллын зарлигыг сурталчилж, гардуулан өгч байлаа. Олимпийн наадмаас алтан медаль авбал 4, мөнгөн медалийн эзэд 3, хүрэл медаль хүртсэн бол 2 сая, ДАШТ-д аваргалсан тамирчин 2, үзүүрлэсэн нь 1 сая, хүрэл медальтай ирсэн нь 500 мянган төгрөгийг сар бүр авах энэхүү урамшууллын зарлигыг Дорнодын ард иргэд талархан хүлээж авсан юм. Тухайлбал, Дорнод аймгийн засаг дарга Ц.Жанлав “Энэ зарлиг тамирчин хүний нийгэмд оруулж буй хувь нэмэр, гаргасан амжилтыг төр үнэлж буйн илэрхийлэл юм. Ерөнхийлөгчийн гаргасан энэ зарлиг тамирчдын бэлтгэл сургуулилт хийх, цаашид амжилт гаргахад маш их нөлөөлөх болно. Энэ зарлиг гарснаар спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуус эрс нэмэгдсэн” хэмээн ярив. Түүнчлэн З.Ойдов баатар очсон газар бүртээ спортоор хичээллэхийн тус, ерөнхийлөгчийн зарлигийн ач холбогдлыг сурталчилж явлаа. Баатар энэ үеэр хүүхэд багачуудад хандан “Оргилд гарахын тулд их хичээх хэрэгтэй. Хэрвээ үнэн сэтгэлээсээ зүтгэж чадвал энэ оргил тийм ч өндөр биш” хэмээсэн юм.
Эх орны зүүн хязгаар болсон Дорнод аймагт сүүлийн жилүүдэд спорт эрчимтэй хөгжиж буйг газар дээр нь очиж мэдэрсэн. Аймгийн төвийн ерөнхий боловсролын 12 сургууль бүгд зориулалтын заалтайн дээр зарим нь бүр биеийн тамирын гадаа талбайтай болжээ. Мөн энэ жил ихэнх сургууль зааландаа иж бүрэн засвар хийсэн байна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр 90х45 хэмжээтэй хөлбөмбөгийн зориулалтын ногоон талбайтай болж. 350 сая төгрөгөөр боссон энэхүү талбай тус аймагт хөлбөмбөг хөгжих үндэс суурь болох нь гарцаагүй.
Тус аймгийн тамирчид бокс, жүдо бөх, хөнгөн атлетик, волейбол, хөлбөмбөг, үндэсний сур зэрэг спортын олон төрөлд дотооддоо болоод олон улсын түвшинд амжилт гаргаж байна.
Т.МАША