Ч.Амарболдыг “Дамжин өнгөрүүлэх”-д шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Ч.Амарболдыг “Дамжин өнгөрүүлэх”-д шилжүүлнэ

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт өчигдөр ялыг тогтоолыг нь гардуулсан байна.

Сүхбаатар дүүргийн шүүх болон Нийслэлийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон.  Харин цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар Өршөөлийн хуульд хамрагдан ялгүй хоцорч, суллагдсан юм.  Тэднийг эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж ялласан. Цагдаагийн удирдлагуудын биеийн, давж заалдах эсэхийг хошууч генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарантуяагаас тодрууллаа.

-Ч.Амарболдод өчигдөр ялын тогтоол гардуулсан. Та бүхэн дараагийн шатны шүүхэд хандах уу?

-Тийм ээ, бид дараагийн шатны шүүхэд хандана. Хуулинд 10 хоногийг дотор Улсын Дээд шүүхэд өргөдлөө өгөх ёстой байдаг юм билээ.

-Дараагийн шатны хуралд өмгөөлөгчид өөрчлөгдөх үү?

-Үгүй, Өмгөөлөгч Ж.Яринпил, н.Мөнхбат нар дараагийн шатны хуралд нөхрийг минь өмгөөлнө. Улсын Дээд шүүхийн үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.

-Ч.Амарболд гуайн биеийн байдал ямархуу байгаа вэ? Эмнэлэгт байгаа юу?

-Давж заалдах шатны шүүх хурлаас хорь орчим хоногийн өмнө манай хүнийг Улсын нэгдүгээр эмнэлгээс Ганц худгийн эмнэлэгт шилжүүлсэн. Биеийн байдал нь тааруухан байгаа. Ядаж байхад Ганц худгийн эмнэлэгт сахарын өвчинг эмчилдэггүй юм билээ. Ямар ч эмчилгээгүй мөртлөө эмнэлэгт байгаа гэж ойлгож болно. Ч.Амарболдын хараа муудсан, сохорсон гэж бичээд байгаа. Энэ бол худал мэдээлэл шүү. Сахарын өвчин нь нүдний торлогтоо нөлөөлж эхэлснээс биш сохорсон зүйл байхгүй. Харин эмчилгээгүй, энэ байдлаараа хугацаа алдвал нэг хөлийг нь тайрахаас өөр аргагүй гэж эмч нар хэлсэн.

-Та О.Зоригт, Ш.Батсүх нарын ар гэрийнхэнтэй холбоотой байгаа юу?

-Холбоотой байгаа. Тэр хоёр Цагдан хорих 461 буюу Ганц худагт байгаа шүү дээ. Биеийн байдал нь бас л тааруухан байгаа. Ш.Батсүх барьж байгаа зүйлээ байнга алддаг болсон гэнэ лээ.

-Ялын тогтоол гардаж авмагц дамжин өнгөрүүлэх хориход шилжүүлдэг. Ч.Амарболдыг шилжүүлнэ гэсэн үү?

-Ялын тогтоолоо авсан тохиолдолд Зайсангийн хажууханд байдаг Дамжин өнгөрүүлэх хориход шилжүүлдэг. Тэр хорихын эмнэлэгт бүхий л өвчтэй хоригдлуудыг эмчилдэг гэсэн. Тэдний ихэнх нь сүрьеэ өвчтэй байдаг болохоор нөхрийгөө сүрьеэгийн халдвар авах вий гэдгээс айж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж