
Oettinger нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 16-нд Европ даяар цөмийн станцуудын аюулгүй ажиллагааг баталгаажуулах нарийвчилсан шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд цөмийн эрчим хүчнээс ангид Европын тухай ч бодож үзэх талаар мэдэгдэж байжээ. Түүний өчигдрийн мэдэгдэлд Европын холбоо уг асуудлыг хэлэлцэн цөмийн станцуудын аюулгүй ажиллагааны нарийн стандартыг хэрэгжүүлсэн байх эцсийн хугацааг 2014 оны дунд үе гэж товлож магадгүйг мөн нэмж хэлжээ.
Шалгалтын дүнд Европт ажиллаж буй нийт реакторуудын 22 хувь буюу 32-т нь ямар нэгэн ослын тохиолдлоос хамгаалсан битүүмжлэлийн систем суурилуулаагүй нь тогтоогджээ. Үүнээс гадна нийт реакторуудын гуравны нэгээс их хэсэг буюу 54 реакторт нь газар хөдлөлт болон бусад доргилт чичирхийлэлтийн эрсдэлээс хамгаалахдаа орчин үеийн стандартыг мөрддөггүй байсан байна. Мөн нийт реакторын 40 хувьд нь үерийн гамшиг ослоос хамгаалсан орчин үеийн технологи дутмаг байгаа нь ажиглагджээ.
Шалгалтын дүнд Европ бараг бүхэлдээ цөмийн станцуудынхаа аюулгүй ажиллагааны нөхцөлийг сайжруулах ёстой гэсэн дүгнэлт гарчээ. Их Британийн станцууд ч аюулгүй ажиллагааг бүрэн хангаж чадаагүй байжээ. Харин Францын станцууд аюулгүй байдлыг харьцангуй сайн хангасан гэсэн дүгнэлт гарсан ч тус улс уг шалгалт хийгдэх сургаар станцуудын аюулгүй ажиллагаанд шинэчлэлт хийчихсэн байсныг Oettinger онцолжээ.
Гэхдээ Oettinger тус бүсэд маш өндөр өртгөөр цөмийн станцуудын аюулгүй ажиллагааг сайжруулна гэж хэлж буй нь нөгөө талаас уг төрлийн эрчим хүчний өртөг төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэсэнтэй агаар нэг санаа байж болох юм. Учир нь цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нь нүүрс, байгалийн хийтэй харьцуулахад илүү хямд гэдгээрээ давуу талтай байдаг. Хэрэв уг төрлийн эрчим хүчний үйлдвэрлэлийн зардал нэмэгдвэл цөмийн эрчим хүч нь илүү үнэтэй, байгаль орчинд илүү халгаатай ямар ч ашиггүй зүйл болон хувирч мэдэх юм. Хэдийгээр цөмийн эрчим хүчний технологи нь хүлэмжийн хий ялгаруулалтгүй гэдгээрээ давуу ч, олон улсын хэмжээнд үүнийг ногоон эрчим хүчний тоонд оруулдаггүй байна.
Б.Төгс