“Удиртгал” цомгийн баяр боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

“Удиртгал” цомгийн баяр боллоо

Поп, опера урсгалаар уран бүтээл хийн шинэ өнгө төрхийг мэдрүүлсэн “Увертюра” хамтлагийнхан өчигдөр “Од” театрт гурван жилийн ой, шинэ цомгийн баяраа нижгэр тэмдэглэн өнгөрүүллээ. “Удиртгал” нэртэй анхны бие даасан цомгоо өлгийдөн авсан тэд хамтран ажилласан уран бүтээлчид, багш, гэр бүлийнхэн найз, нөхөд, фенүүддээ зориулан “VIP” тоглолтыг хийсэн юм. “Од” театрын тайзнаа эгшиглэсэн найман дуу тэнд чуулсан зочдыг хөглөн, алга ташилт дунд үргэлжилсэн. Тэд энэ л үдэш хэнийг ч дуурайгаагүй эхлэлээ толилуулсан. Анхны бүхэн сайхан. Хэдий гурван жилийн дараа “Удиртгал” цомог мэндэлж буй ч тэдний өнгийг илтгэх нь дамжиггүй.

Хөгжим бүжгээр овголсон тэдний энэ үдшийн зочдын суудалд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, өхгжмийн зохиолч Б.Шарав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Хөгжим бүжгийн коллежийн захирал, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, тус хамтлагийнханыг урлагийн замд хөтөлсөн Хөгжим, бүжгийн коллежийн багш, доктор Сүхээ, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр,  Буриад Улсын Гавьяат жүжигчин Д.Долгормаа, Гавьяат, дуучин Ч.Бат-Эрдэнэ гээд урлагийн томчууд чуулсан. Мөн уг тоглолтод “Увертюра” хамтлагийн анхны бүрэлдэхүүнд байсан н.Алтанцоож хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр одоо Баганхангай дүүргийн соёлын төвийн захиралын алба хашдаг аж.

“Тэмээн сүргийн говь”, “Энд Монгол”, “Дөрвөн цагийн тал”, “Цагийн аяс”, “Өнө мөнх орон” энэ л үдэш үзэгчдийг уяраан басхүү сэтгэлийн нандин чавхдасыг нь хөглөн эгшиглэсэн. Тус хамтлагийнхан “Бид өнөөдрийн “VIP” тоглолтдоо “Удиртгал” анхны цомгийн дээжээсээ өргөн барилаа. Одоо дараагийн шинэ цомог, шинэ клипний ажилдаа орно. Тун удахгүй шинэ уран бүтээлээрээ эргэн уулзана аа” хэмээн дуулгасан юм. Хэдийгээр цөөн зочдын хүрээнд баяраа тэмдэглэсэн ч “Увертюра” хамтлагийнхан тун өвөрмөц тайзыг “Од” театрын заалны голд босгосон байсан юм. Үндэсний хэв шинжийг агуулсан цагаан хослолоор ижилссэн тэд дөрвөн хоолой салган попера урсгалаар дуулж, үзэгчдийн сонгодог ертөнцөөр аялуулсан. Тэдний анхны цомгийн уран бүтээл дээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-од нар зөвлөгөө өгчээ. Энэ удаагийн “VIP” тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Гавьяат  жүжигчин Д.Сосорбарам болон “Анир” студийн найруулагч, хөгжмийн зохиолч А.Алтанхуяг нар ажиллажээ. 

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж