-Юуны өмнө гадаад харилцааны салбарын нарийн ээдрээтэй үйл ажиллагааны онцлогийг цөөн хэдэн үгээр тодорхойлж өгнө үү?
-Гадаад харилцаа бол улс төрийн дотоод өөрчлөлт, хувьслаас хамгийн бага хамаарах учиртай салбар юм. Монгол Улс гэсэн бүхэллэг субъектыг л гадаад улс орнууд, олон улсын байгууллагууд харж байдаг учраас өмнө нь хэлэлцэж урт, дунд, богино хугацаанд мөрдөхөөр шийдсэн, хамтран баталсан баримт бичгүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Нөгөө талаас, Засгийн газрын шинэчлэлийн үзэл санааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Товчхондоо гадаад бодлогын уламжлал, залгамж чанарыг эрхэмлэж, Монгол хүний эрх ашгийг дээдэлж ажиллана гэж хариулж болох юм.
Ер нь эдүгээ цаг бол сайн гадаад бодлого л улс орны аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангадаг болсон эрин үе юм. Тиймээс Гадаад харилцааны яамыг том Батлан хамгаалах яам хэмээн би зүйрлэдэг. Дэлхий ертөнц гэсэн өргөн уудам орон зайд шинэ монгол хүн гэсэн цаг хугацааг бий болгохын төлөө бүхий л чадал оюун, ухаан бодол, үйл ажиллагаагаа чиглүүлэхийг эрмэлзэж байна. Миний үед гадаадад байгаа дипломат төлөөлөгчдийн газрууд алдартан сэтэртэн, дарга нар, явцуу сонирхлын хэсэгт төдий биш, монгол иргэддээ тэгш үйлчилдэг болно. Монгол иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалж, үйлчилж байгаагаар нь элчин сайдын яамд, ерөнхий консулын газруудын үйл ажиллагааг дүгнэдэг болгоно. Энэ талаар тухайн оронд сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдээс санал асуулга, судалгаа явуулж үнэлэлтийг нь ажлыг нь дүгнэхдээ харгалзан үздэг болно.
-Таны хэлснээр Монгол Улсыг нэг бүхэл субъект хэмээн авч үзвэл олон улсын тавцанд ямар бодлого, үйл ажиллагаа, чиг баримжааг баримталбал зохих вэ?
-Монгол Улсыг олон хурц асуудалд түрүүлж яаран оролцож, нэг талыг нь баримтлан туйлширдаггүй, дүн нуруутай, эвсэг байлгахыг юуны өмнө хүснэ. Гадаад бодлого, үйл ажиллагааг бид тодорхой, бодитой болгох ёстой. Баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний амин сүнс нь Монгол Улс, монгол хүнд ямар үр ашигтай байх вэ гэсэн шалгуур гэж нэмж тодруулж хэлмээр байна. Эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих нь Монгол Улсын дэвшил, хөгжлийн чухал механизм юм. Түүнтэй адил Монголд ашигтай, түүний аюулгүй байдалд хохирол учруулахгүй байх шинжүүр эцсийн шийдвэрийг гаргах үндэслэл байвал зохино. Ийм агуулгаар урьд өмнө хийгдсэн гэрээ хэлэлцээрүүдийг хянан үзэж шинэчлэх, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад манай салбар, яам манлайлах үүрэгтэй оролцох болно.
Дараагийн асуудал бол Монгол хүнд төвлөрсөн гадаад бодлого, үйл ажиллагаа юм. Монгол иргэний, үндэсний болон үндэстний эрх ашгийг аливаа шийдлийн үндэслэл болгоно. Зөвхөн Монгол Улсын харъяат бус, ерөөс монгол хүнийг, монгол үндэстнийг анхаарсан, тэдэн рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ дээ. Гадаад улсад амьдарч байгаа монгол иргэдийн хүүхдүүдэд монгол хэл, соёлыг сургах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг дэмжинэ. Нэг цул үндэстэн, уугуул нутгийн үзэл санааг бусад улс орны эрх ашигт халдахгүйгээр түгээн дэлгэрүүлнэ. Өөр улс орны иргэн болсон, аль эсвэл монгол аав, ээжтэй хүмүүст эргээд очих элгэн нутагтай гэсэн дулаан итгэл, өөриймсөг бодол төрүүлэхийг чармайна.
Монгол Улсыг зөв, бодитой, үнэнээр нь бусдад таниулах боломжийг бий болгоход анхаарна. Үүнд сайн сэтгүүлчдийн нөөц бололцоо, чадварыг ашиглах санаатай байгаа. Тухайлбал, сэтгүүлчдийн “Гадаад бодлогын андууд” клубийг үүсгэн санаачилж ажиллуулна. Монгол хүн бүр өөрөө өөртөө элчин сайд байх учиртайг сануулж, хэвшүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Гадаадад байгаа монгол иргэдийн эрх ашгийг бүх талаар хамгаалах, бусад улс оронтой харилцан визгүй зорчих асуудлаар тохиролцох, өөрийн иргэдийг гадаад улс оронд зорчих явдлыг хөнгөвчлөх асуудлыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгоно.
-Иргэн бүр элчин сайд гэдэг чинь өвөрмөц сонсогдож байна?
-Монгол хүн гадагшаа явах, гадаад улс оронд ажиллаж амьдрахдаа Монголынхоо төрөөр хамгаалуулж, ардаа өмөг түшигтэй гэсэн бүрэн итгэлтэй байх агуулга юуны өмнө энд хамаарч байгаа юм. Нөгөө талаасаа энэ бол цөөхөн монголчууд бид бүгдээрээ чармайж улс орныхоо нэр хүндийг дэлхийд өсгөх хариуцлагын тухай, өөр бусад улс орон, үндэстний хууль дүрэм, нийтлэг жишгийг хүндлэх тухай яриа юм.
-Гадаад харилцаа нийгэм, эдийн засгийн бүх салбарт эрчимтэй хөгжиж байна. Танай яам үндсэн чиг үүргийнх тул энэ бүхнийг нэгдмэл бодлогоор хангах үүрэгтэй. Энэ их ачааллыг зохицуулах механизм хангалттай бий юу?
-Энэ бол манай салбарын бас нэгэн чухал үүрэг, төрийн өмнө хүлээсэн онцгой хариуцлага юм. Төрийн болон орон нутгийн янз бүрийн бүтцүүд гаднын харилцагчидтай өөр өөрийн байр сууринаас, салбарын хэт явцуу эрх ашгийг хөхиүлэн ярилцаад байвал Монгол Улсын нэр хүнд, байр сууринд ноцтой хохирол үүсч улмаар гадаад харилцагчгүй, түншгүй болж ч болно. Өмнө нь ийм дур зоргын асуудал цөөнгүй гарч байсан. Төрийн мэргэшсэн, гадаад бодлого, эдийн засгийн өндөр мэдрэмжтэй хүчтэй баг л үүнийг хийж гүйцэтгэж чадна гэж би боддог. Ийм багийг бүрдүүлэх хангалттай нөөц Монголд бий болсон шүү дээ. Гадаад харилцаанд “нэг цонх” зарчмыг нэвтрүүлэх санаа ч үүнд хамаатай юм. Салбарын яам бүр өөрийн гадаад харилцааны хэлтэс, газартай тул яамдыг гадаад харилцааны жижиг яам гэж авч үзвэл зохино. Гадаад харилцааны том яамтайгаа жижгүүд нь үйл ажиллагаагаа уялдуулдаг зарчим нь Засгийн Газрын гадаад үйл ажиллагааны үндсэн зарчим байх ёстой.
-Хөршүүд болон гуравдагч улс орнуудтай, олон улсын байгууллагуудтай харилцах бодлогыг хэрхэн оновчтой тодорхойлохоос хамааран манай улсын хөгжил, иргэдийн аж амьдралын хувь заяа тодорхойлогдох байх. Үүнийг тооцолгүйгээр гаргасан алдаа, ашиглагдаагүй боломжуудыг цэгцлэх талаар Та юу хэлэх вэ?
-Бидний Монголчууд хувь тавилангаараа холбогдсон хоёр их хөрштэй. Мөнхийн хөршүүд. Орос ба Хятад. Энэ хоёр хөршөө орхиод нүүхгүй учир бүхий л боломжийг ашиглан тэнцвэртэй харилцааг бий болгоход гойд анхаарах учиртай. Орос, Хятадын соёлыг хүндэтгэн суралцах, судлах хөдөлгөөнийг сургуулийн балчир хүүхдүүдээс эхлэн улстөрчид, нийгмийн бүхий л давхаргынхны дунд өрнүүлэх ёстой. Төрийн бодлого төдийгүй ардын дипломат харилцаа, хил орчмын иргэдийн гүн нөхөрлөлийг бий болгоход анхаарах учиртай. Хөршөө сонгодоггүй учир хажиглаж хардах араншинг гаргаснаас хамтарч зохицож амьдрах нь хавьгүй илүү дээр шүү дээ.
Нэгдсэн үндэстний байгууллага, түүний системийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцоогоо өргөжүүлж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахад бодитой ахиц гаргана. Түүнчлэн шинэ бүс нутагт гадаад харилцааг өргөжүүлэх ёстой. Шинээр улс орнуудад, тухайлбал Иранд элчин сайдын яам байгуулна.
-Та гадаад бодлогыг батлан хамгаалах том арга хэрэгсэл хэмээн үздэг гэж анзаарагдлаа. Гадаад бодлогоор дамжуулан улс төр, эдийн засгийн хожил авчрах, шинэ үеийн дипломатуудыг бэлтгэх цаг иржээ дээ?
-Үүх түүхээ харваас бидэнд сурах зүйл их байна. Их эзэн Чингис хааны үеэс л монголчууд дипломат бодлогын урлагийг сайтар эзэмшсэн нь ажиглагддаг. Газар дэлхийгээр хөндлөн гулд зорчиж, дайлж явахдаа дан ганц илдийн хүчээр, цэрэг байлдааны гаргуунаар онцгойрч явсан гэвэл худал болох юм. Хэлэлцээрийн болон үгэн зэвсгийн ухаанаар олныг буулгаж авсан түүхэн баримтууд бий. Үүнийг чинь одоо бид дипломат урлаг гэдэг болсон биш үү. Шинэ үеийн иргэд дипломат ур ухаан, ёс зүйд гүнзгий суралцах ёстой төдийгүй улс орон өөрийнхөө мэргэшсэн дипломатуудыг бодлогоор бэлтгэн тэдгээрээс сонгон шалгаруулж дэлхийд монголчуудаа албан ёсоор төлөөлөх эрхийг нь олгодог байх ёстой. Иймд бид Дипломатын академийг байгуулахаар шийдээд байгаа. Ний нуугуй хэлэхэд манай салбарт хүний нөөц, томилгоо тойрсон ужиг асуудлууд багагүй хуримтлагджээ.
Бас нэг зүйлийг нэмж хэлмээр санагдлаа. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өмнө нь Орос, Япон, Герман болон сая АНУ-д гадаад айлчлалуудад дагалдан явжээ. Энэ үеэр дипломат урлагийн гайхамшгийг мэдэрч явлаа. Монгол Улсыг цөмийн зэвсгээс ангид байлгах манай санаачилга сүүлийн жилүүдэд олон улс орны дэмжлэгийг авсан юм. Сая Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлалын өмнөхөн Цөмийн зэвсэгтэй таван гүрэн буюу P5 гэж нэрлэгддэг АНУ, ОХУ, БНХАУ, Англи болон БНФУ-ын байнгын төлөөлөгчид Цөмийн зэвсгээс ангид Монгол Улсын статусын талаарх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Р5 хамтарсан тунхаглалдаа Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай хуулийг сайшааж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ бол манай дипломат бодлого, үйл ажиллагааны том ололт гэж би үзэж байна.
-Таны саяын гадаад томилолтын талаар асуух гэж байлаа. Өөр олз омог их үү?
-9-р сарын 23-30-ны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы нээлтэд оролцоод ирлээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын үүргийг Монгол Улс нэр төртэй гүйцэтгэж байгаагийн хувьд Ерөнхийлөгч маань чухал илтгэл тавьж хэлэлцүүлснийг та бүхэн анзаарсан байх. Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилгоор сан байгуулж ажиллуулах санал гаргаж байгаа бөгөөд ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх ажлыг идэвхтэй үргэлжлүүлэхийг хүсч байгаа.
Япон Улсад аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж, Японы Гадаад хэргийн сайд К.Гэмбатай хэлэлцээ хийлээ. Япон Улстай Стратегийн түншлэлийн зарчмаар харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулж ажиллахаар тохиролцоод ирлээ.
-Хэдийгээр Та томилогдоод бага хугацаа өнгөрсөн ч энэ хооронд яаман дээрээ ямар өөрчлөлтүүд хийж амжуулав, юу хийхээр төлөвлөж байна даа?
– Шинэчлэлээр овоглосон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 9 дүгээр сарын 18-нд УИХ-аар батлагдсан. Манай яамны газар, нэгжийн бүтцэд бага зэргийн өөрчлөлт орж, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон зарим газар, нэгжийн удирдлага шинээр томилогдон ажилдаа орлоо. Тэдэнтэй нэг бүрчлэн уулзаж, ажлын чиг үүрэг, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар илэн далангүй, чөлөөтэй ярилцаж санал солилцлоо.Түүнчлэн Гадаад харилцааны сайдаар надаас өмнө ажиллаж байсан зарим хүнтэй холбогдож санал бодлоо солилцон, тэдний үнэтэй зөвлөмжийг авлаа.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, яамны 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөө гээд нарийн тооцож, төсөвлөх ажил ихтэй хариуцлагатай цаг мөч ид өрнөж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Дипломат байгууллагын үйлчилгээ аж, ахуйн газар татан буугдаж, түүний оронд ГХЯ-ны харьяанд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар шинээр зохион байгуулагдсантай холбоотойгоор тус газрыг үрэлгэн савируулдаг биш, үр ашигтай болгохыг зорьж байна. Түүнчлэн дипломатуудын сууц барих бодолтой. Хөрөнгө оруулалт, худалдан авалтыг ч илүү хяналттай болгоно. Үүнд яамны бүтцэд шинээр байгуулагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байна. Төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна даа.
-Танд амжилт хүсье, ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Өдрийн сонин” сонин.