Монголын цагаар өчигдөр өглөө эхэлсэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эхний мэтгэлцээн Денвер хотод 90 минут үргэлжлэв. Мэтгэлцээний үр дүнгийн талаар гадны хэвлэлүүд “Эхний мэтгэлцээн Бүгд найрамдахчуудын талд” гэх гарчигтай мэдээлэл нийтэлж байна. Мэтгэлцээн үндсэндээ АНУ-ын эрүүл мэндийн систем болон эдийн засгийн сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Митт Ромнигийн ялалтын үндэс нь АНУ-ын өрийн хямрал, ажилгүйдлийн өндөр төвшин, эрүүл мэндийн даатгалын бодлогыг хүчтэй шүүмжилж, Америкийн дундаж амьдралтай иргэдийг өмгөөлсөн нь байсан хэмээн олон улсын мэргэжилтнүүд үзэж байна.
“Хоёр нэр дэвшигчийн хооронд маш хүчтэй мэтгэлцээн өрнөсөн. Ямар ч байсан сүүлийн 3-4 мэтгэлцээн үүн шиг хүчтэй болж байсангүй. АНУ-ын дундаж иргэдийг өмгөөлж, тэднээс энэ улсын ирээдүй хамаарна гэсэн агуулгатай зүйлс ярьсан нь Обамагаас илүү гарах бас нэгэн шалтгаан. Эхнээсээ Митт Ромни, өрсөлдөгч Барак Обамагийн бодлогыг шүүмжилсэн болохоор мэтгэлцээний бүс Ромнид нааштайгаар эргэсэн. Харин сүүлийн хэдхэн минутад Обама өөр рүүгээ эргүүлэх гэж хичээсэн ч хэтэрхий оройтсон байсан” гэж СNN агентлагийн тоймч Марк Мардель ярьжээ.
Эхний “тоглолт” бүгд найрамдахчуудын талд
Мэтгэлцээн эхнээсээ л Митт Ромнигийн талд байсан гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн турш авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төрийн бодлого америкийн дундаж иргэдийн эрх ашиг гэхээсээ илүүтэй өнөө маргаашаа аргацаасан байгааг шүүмжилж байгааг Ромни эхнээсээ шүүмжилсэн. Хэдийгээр түүний өрсөлдөгч энэ бүхэнд хариу няцаалт өгөхийг хичээсэн ч тэр бүр тодорхой хариулт өгч чадахгүй байв. Бүр Обамагийн илтгэлийн дундуур ч таслаад өөрийнхөө үзэл бодлыг хүчтэй илэрхийлж байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
“Эрхэм ерөнхийлөгчийг албан үүргээ хүлээж авсан дөрвөн жилийн өмнөхөөс одоог хүртэл юу өөрчлөгдөв. Татварын систем, төсвийн зарцуулалт, төрийн бодлого. Энэ бүгд яг үнэндээ өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй шүү дээ. Яг л хэвэндээ, бүр өмнөхөөсөө дордох маягтай л байна. Тийм учраас энэ бүгдийг өөрчлөх хүчтэй бодлого өнөөдөр дутагдаж байна” гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни мэтгэлцээний үеэр мэдэгдсэн юм. Энэ бол түүний хүчтэй мэдэгдлүүдийн зөвхөн нэг хэсэг. Тэрбээр мөн 2008 оны эдийн засгийн хямралын үеэр төсвийн таналт хийж чадаагүйгээс болоод өрийн хямрал нүүрлэсэн гэдгийг онцлон тэмдэглэж байсан юм. Энд мартаж болохгүй нэг зүйл бий. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Билл Клинтоны Обамаг дэмжсэн илтгэл дээр түүний ярьсан нэгэн явган шогийг ёгтолж Обамагийн бодлогыг шүүмжилсэн нь үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татжээ.
Ромнигийн төлөвлөгөөнд итгэж болох уу?
Хэдийгээр эхний мэтгэлцээнд Ромни ялсан ч түүний татвар болоод ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг мэргэжилтнүүд тэнцвэргүй, олон санаа цухалзуулсан, хэзээ хэрэгжиж дуусах нь тодорхойгүй гэсэн дүгнэлт хийгээд байна. “Ноён Ромни эхний мэтгэлцээнд Америкийн жирийн иргэдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан. Гэхдээ түүний бодлогыг улс төрийн зүгээс сайн судалж үзэх шаардлагатай. Яг үнэндээ Обамагийн бодлогыг хүчтэй шүүмжилснээр эхний ялалтыг байгуулсан шүү дээ. Хэтэрхий хүчтэй мэдэгдлүүд хийсэн болохоор Обама ч шоконд ороод, хариу илтгэлийг хүчтэй хүргэж чадаагүй байх. Тиймээс дараагийн мэтгэлцээнд Обама, өрсөлдөгчийнхөө бодлогыг шүүмжлэх тактик баримтлах болов уу гэж харж байна. Гэхдээ хэтэрхий хүчтэй дайраад байвал хиймэл мэт харагдана” гэж Колумбын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн профессор Жим Грант ярьжээ.
Мэргэжилтнүүд ингэж дүгнэх болсон нь цаанаа учиртай. Барак Обама мэтгэлцээн дуусахаас хэдхэн минутын өмнө түүний бодлогыг асууж, бодлогодоо нухацтай хандахыг зөвлөсөн юм. “Эрхэм нэр дэвшигч Митт Ромни их гайхалтай ярьж байна. Гэхдээ бодлого боловсронгуй байвал таны ярьсан энэ зүйлийг хэрэгжүүлээд явж болно. Нэг улсын бодлого гэдэг бол нэг нэр дэвшигчийн сэтгэл хөдлөлөөр ханддаг тийм амархан эд биш” гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама ярьжээ.
Цахим “дайн”
Хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээн өмнөх мэтгэлцээнүүдээс нэг зүйлээр илүү байсан. Энэ бол олон нийтийн харилцааны сүлжээ ашигласан явдал. Обама, Ромни нарын сонгуулийн штабаас твиттер болон фейсбүүк ашиглан олон нийтэд мессеж хүргэж байлаа. Энэ бол мэтгэлцээний минут бүрт ажиглагдсан үйл явдал. Ромнигийн тал “Обама ард түмэндээ хэлэх үггүй болчихож”, “Бүгд найрамдахчууд ялах нь тодорхой”, гэж цацаж байхад Обамагийн тал “Мэтгэлцээн гэхээсээ хэрүүл юм биш үү?”, “Обама их хүлээцтэй хүн юм” гэсэн мессежийг түгээж байлаа. Олны танил алдартнууд ч хоёр нэр дэвшигчийн тухай багагүй “жиргэж” байв. Алдарт жүжигчин Морган Фриман “Обамаг дараагийн мэтгэлцээндээ илүү байна гэдэгт итгэж байна. Митт Ромнид хандаж хэлэхэд улс төрчийн соёл дутмаг юм шиг…” гэсэн бол алдарт сэтгүүлч Пийрс Морган “Миний үзсэн хамгийн сонирхолтой мэтгэлцээн. Гэхдээ би яг юу гэж бодож байна гээч. Хэрвээ энэ хоёр миний нэвтрүүлэгт оролцож байсан бол…” гэж жиргэсэн байна.
Энэ удаагийн мэтгэлцээнийг олон нийтийн хамгийн их сонирхдог сайт болох YouTube-ээр дамжуулсан нь мэтгэлцээнийг сонирхогчдын тоог нэмсэн гэхэд болно. Мөн залуучуудыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан нэг алхам ч байж болох талтай. Мөн томоохон сайтуудаар санал асуулга аль хэдийнэ яваад эхэлжээ. BBС-ийн албан ёсны цахим хуудсанд эхний мэтгэлцээний тухай санал асуулга явуулахад Митт Ромни 85 хувьтайгаар тэргүүлж явна.
Мэргэжилтнүүд энэ удаагийн мэтгэлцээнийг түүхэн дэх хамгийн халуухан мэтгэлцээнүүдийн тоонд орууллаа. Үүний өмнө 1960 онд болсон Кеннеди-Никсон, 2000 онд болсон Буш-Ал Гор нарын мэтгэлцээнтэй эн тэнцүүлсэн байна. Мөн өнөөдрийн мэтгэлцээнийг удирдан явуулсан Жим Лерер 12 дахь удаагаа ерөнхийлөгчийн халз мэтгэлцээн удирдан явуулсан тохиолдол болсон юм. Мэргэжилтнүүд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс дараагийн мэтгэлцээнийг хүлээж байгаа нь гарцаагүй. Ирэх 16-ны өдөр дараагийн мэтгэлцээн болно. Хэрвээ Митт Ромни дахин ялалт байгуулбал өмнөх ерөнхийлөгчдийн адил Цагаан ордон руу хүрэх зам нь дардан болно гэсэн үг.