“Ц.Цолмонг БХ-ны даргаас чөлөөлөх байх”

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

“Ц.Цолмонг БХ-ны даргаас чөлөөлөх байх”

УИХ-ын гишүүн Ц.Цолмон МҮАН-аас гарч, МАХН-д элссэн нь багагүй шүүмжлэл дагуулаад буй. Энэ явдлаас “Шударга ёс” эвсэл задрах нь гэсэн хардлага ч гараад байгаа юм. Цаг үеийн асуудлаар МҮАН, “Шударга ёс” эвслийн  гишүүн Батцогттой ярилцлаа. 

-Сүүлийн үед “Шударга ёс” эвсэл хуваагдаж, задрах нь гэсэн яриа олны дунд тараад байна?

-“Шударга ёс” эвсэл задарна гэх яриа ор үндэсгүй зүйл. Бид хоорондоо маргалдаж, санал зөрөлдөөд байгаа зүйл байхгүй. Ер нь бол орон нутгийн сонгуульд хоёр нам тус тусдаа оролцож байгаа. Үүнтэй холбоотойгоор хардлага гарч байна.  Мөн нэг намын гишүүн нөгөө намдаа элссэнтэй холбоотой байх. УИХ-ын гишүүн Ц.Цолмонг өөр намд орсонд нь би хувьдаа их гайхсан. Тэгээд өөртэй нь уулзахад, “Аль эрт тохирсон байсан зүйл” гэдэг тайлбар өгсөн. Хамгийн гол нь  хувь хүний эрхийн асуудал. Тэр хүний сонголтыг бид хүндэтгэх ёстой. Гэхдээ миний хувьд намын жагсаалтаар УИХ-д сонгогдоод, өөр нам руу орох нь  хэр  зохимжтой вэ гэдгийг бодож байгаа. Эвсэл байгуулагдаад явж байх үед нөгөө намынхаа гишүүнийг хулгайлах тухай яриад сууж байна гэдэг ёс зүйгүй гэж бодож байна. Найзынхаа эхнэрийг хулгайлж байгаатай ялгаагүй зүйл биз дээ. Ц.Цолмон гишүүнийг буруутгахаас илүү МАХН-ын гишүүдийг буруутгаж байгаа. Гэлээ гэхдээ хувь хүний сонголтын асуудлаас болж эвслийн харьцаанд өөрчлөлт орох асуудал байхгүй.

-Намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон Ц.Цолмон гишүүний хувьд эргүүлэн татах асуудал яригдах уу. Ер нь хууль, дүрэмдээ юу гэж заасан байдаг юм бэ?

-Хууль, дүрэм гэх зүйл байхгүй. Хувь хүний сонголт. Гэхдээ цаашид ийм хууль дүрэм санаачлах ёстой гэж бодож байна. Ийм байдал өнөөдөр манай намд тохиолдож байна, цаашид бусад намуудад зарим асуудал үүсэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Намын жагсаалтаар тэр хүнийг гаргаж ирэхийн тулд нам, намын гишүүд их хөдөлмөр, хүч зарцуулсан байж таарна. Үүний дараа гишүүд нь гараад, өөр намд  ороод байна гэдэг зохисгүй явдал юм. Хэрэв ганц суудалтай намын гишүүн өөр намд элсэх болвол яах вэ. Тэр хүний ард талд олон мянган гишүүдийн хувь заяа, тэр намын бодлого хаашаа явах вэ гээд асуудал гарч ирнэ. Энэ талаас нь дүгнэлт хийгээд үзвэл цаашид улстөрийн намууд хууль санаачилж, зохицуулалт хийх ёстой.

-“Шударга ёс” эвсэл УИХ-ын хоёр байнгын хороог хариуцаж байгаа. Ц.Цолмон гишүүн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдсон.  Тэгэхээр өөр намд орсон учраас байнгын хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар яригдах уу?

-Одоогоор ярьсан зүйл алга байна. Яваандаа яригдах байх. Ер нь бол “Шударга ёс” эвсэлд хоёр байнгын хороо хуваарилагдсан. Үүний дагуу МАХН нэг, МҮАН нэг байнгын хороог тус тус хариуцан ажиллаж байгаа. Одоогоор чиг үүргийн дагуу байнгын хорооны даргын ажлаа хийгээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-МҮАН-ын  дарга М.Энхсайханы хийсэн мэдээллийн дараа “МАХН Ц.Цолмонг урвууллаа” гэж харах хүмүүс бас байна?

-М.Энхсайхан даргын ярилцлага гарахаас өмнө Ц.Цолмон дарга намаас гарах гэж байгаагаа хэлсэн гэсэн. Өөрөөр хэлбэл, “Н.Энхбаяр даргатай ярьж тохирсон байсан” гэж хэлсэн байсан. Хамтраад явж байгаа намууд  нэг намын гишүүнээ урвуулна гэдэг байж болохгүй зүйл.  Хамтран эвссэн хэрнээ нөгөө намынхаа хүнийг өөрийн намдаа элс гэж байгаа Н.Энхбаяр дарга ёс зүйгүй байна. Энэ талаас нь харж М.Энхсайхан дарга тиймэрхүү өнгө аястай ярилцлага өгсөн болов уу.

-МҮАН-д таван гишүүн харьялагдаж байсан. Одоо МҮАН-ын гишүүд юу хийх вэ. МАХН-ыг Засгийн газраас гаргана гэхэд МҮАН-ын гишүүд Засгийн газарт орох боломжтой юу?

-Тийм зүйл яригдаагүй байгаа. МҮАН хамтарсан Засгийн газарт ороод ажиллаж байгаа учраас энэ Засгийн газрыг туушдаа хамгаална. Ер нь бид анхнаасаа ганц нэг сандал ширээний төлөө ажиллахгүй гэдгээ илэрхийлж байсан. Шударга ёс тогтоож, улс орноо хөгжүүлнэ гэсэн зорилготой.  Нэг, хоёр суудлын төлөө Засгийн газрыг унагаад байх шаардлагагүй гэж бодож байгаа.

-Харин МАХН-ын хувьд өөр байр суурьтай байна гэж харах хүмүүс байна.  Эхнээсээ МҮАН-ын гишүүдийг урвуулаад эхэллээ гэдэг ч юм уу?

-Тэр биднээс үл хамаарах асуудал. МАХН эвслээс, Засгийн газраас гарлаа гэхэд бид хориглоод байх зүйл байхгүй. Ямар ч гэсэн МҮАН-ын гишүүд энэ Засгийн  газрыг тогтвортой ажиллуулна гэсэн байр суурин дээр бат зогсч байна.

-МҮАН-ын гишүүдээс дахин МАХН-д эсвэл өөр намд элсэх асуудал гарахгүй гэх баталгаа бий юу?

-Бидний хувьд өөр намд элсэх, намаасаа гарах зүйл байхгүй. Бид үзэл бодолдоо үнэнч, тууштай явна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж