Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь “Бид шинэчлэлээр шинэчилье олон нийтийн саналыг шууд авч, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа. Ардчилсан намаас Монгол хүн-2020 хөтөлбөрийн эхний ажлуудыг хийж эхэлж байна. Үүний эхлэл нь 1990-1995 оны ажилгүй, нийгмийн даатгал төлж чадаагүй иргэдийг тэр хугацаан дахь нийгмийн даатгалын мөнгийг нөхөн төлөх боломжийг иргэддээ олгож байгаа. Монгол хүн-2020 хэлэлцүүлгээр нийгмийн даатгалыг нөхөн олгох чиглэлээр маш олон иргэн санал өгч байсан. Мөн халамжийн байгууллагыг босоо тогтолцоонд шилжүүлж чадсан. Хамгийн чухал нь ирэх сараас эхлэн хүүхэд бүрт сар бүр мөнгө олгохоор боллоо Хүүхдийн мөнгө олгохыг тодорхой судалгаа хийж, олон хүнээс санал авсны үндсэн дээр олгохоор болсон юм. Өнгөрсөн хугацаанд хийсэн бас нэг ажил Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг баталж, УИХ-ын сонгуультай ижил системээр явуулахаар болсон. Энэ мэт ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн” гэлээ.
Мөн өнгөрсөн сард томилогдсон Ардчилсан намаас шинэхэн томилогдсон дэд сайд нар нь салбар салбарын бодлогын уялдааг ханган ажиллаж чадахуйц чадварлаг боловсон хүчнүүд байгааг нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг тайлбарлалаа. Тухайлбал АН-аас хоёр хүнийг орон нутгаас дэд сайдад томилон ажиллуулж байгаа нь Х.Ержан, Д.Доржпүрэв. Энэ хүмүүс бол орон нутагт амьдарч буй Монгол Улсын сая гаруй иргэдийн амьдралыг сайн мэддэг төлөөлөл. Өнгөрсөн онд Ардчилсан нам ""Монгол хүн 2020″" хэлэлцүүлгийг хийж байхад иргэд амьдралд нь тулгамдаж буй олон асуудлыг хөндөж байсан. Орон нутаг дахь тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санаа тавих хоёр хүн бол энэ хоёр юм. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган нарын хувьд өндөр боловсролтой, салбарын чухал мэргэжилтнүүд. О.Эрдэнэбулганы хувьд Италид мастер хамгаалсан бол Ж.Амарсанаа Токиогийн их сургууль төгсөн Харвардад багшилж байсан залуу боловсон хүчин. Монгол анх удаа элэгний вирус тоолсон гээд санаачилсан ажлууд тэдэнд цөөнгүй. Тийм учраас өөрсдийн удирдаж буй салбарт олон зүйл дээр шинийг санаачлагч байх нь дамжиггүй юм.
Бизнесийн төлөөлөл болох Э.Тамир, С.Пүрэв, Ц.Туваан нарын хувьд чадварлаг, туршлагатай бизнесменүүд. Ардчилсан нам энэ дөрвөн жилийн хугацаанд бүх иргэдээ ажилтай, орлоготой болгоход анхаарч байгаа. Үүнд мэдээж төрийг цомхон бүтцээр ажиллуулж, хувийн хэвшлийг хөгжүүлэх асуудал хөндөгдөнө. Ийм учраас бизнесийн төлөөлөл болсон дэд сайд нарын хувьд төрийн ачааг хувийн хэвшил рүү шилжүүлж, аль болох олон иргэнийг ажилтай орлоготой болгох, төрийн ажлыг хэрхэн үр ашигтай болгох үүрэг ногдож буй. Түүнчлэн Ардчилсан нам бүсгүйчүүдийнхээ нарийн ухаан, өндөр боловсролыг үнэлж хоёр салбарт эмэгтэй дэд сайдтай болсон. Б.Ургамалцэцэгийн хувьд АНУ-д боловсролын чиглэлээр суралцаж төгсөн чиглэлээрээ Пентагонд ажиллаж байсан боловсролтой эмэгтэй. Монголын боловсролын салбарт түүний боловсрол, мэргэжлийн ур чадвар тус нэмрээ өгнө. Өнөөдөр хамгийн осолтойд тооцогдох болсон барилгын салбарт Г.Байгалмаа маань ажиллах болсонд бид баяртай байгаа. Цэцэрлэг, сургуулиуд ачааллаа даахгүй болсон, барилгын салбарынхан алдаа дутагдал гаргаж хүний амь эрсдэх болсон зэрэг нь энэ салбарын бодлогод эмэгтэй хүний оролцоо дутагдалтай байсныг харуулж байгаа. Мөн гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлаа орхигдуулаагүй. Гадаад харилцааны сайд Д.Ганхуяг, Батлан хамгаалахын сайд А.Баттөр нар салбартаа мэргэшсэн хүмүүс байгаад салбарынхан нь талархаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ хоёр яамны тухайд салбарын, мэргэшсэн хүмүүс удирдах нь хамгийн чухал. Тийм учраас Ардчилсан намын бодлого цогцоороо хэрэгжих үндэс бүрдэж байгаа гэж Ардчилсан намын Хэвлэлийн албанаас мэдээллээ.