Ерөнхийлөгч НҮБ-ын ХХАА-н байгууллагын захиралтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч НҮБ-ын ХХАА-н байгууллагын захиралтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай оронд албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/-ын ерөнхий захирал Грациано Да Силваг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Шинэ Засгийн газар бүрэлдсэний дараахан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Монгол Улсад айлчилж байгаа нь их чухал ач холбогдолтой юм. Сарын өмнө би Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцохдоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, хэд хэдэн асуудлаар ярилцсан. Түүний нэг нь өөрийн орны хэрэгцээнээс илүү гарсан улаан буудайг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн болон хүнс худалдан авах үйл ажиллагааны хүрээнд нийлүүлэх асуудал байлаа.

 
Ерөнхий нарийн бичгийн дарга манай саналд ихэд талархаж байсан. Монгол бол гурван сая орчин хүн амтай, 50 сая малтай, 1,5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай орон. Хүн ам сийрэг өргөн уудам нутагтаа мал өсгөж, хөршүүдийнхээ зарим хэсэгт сайн чанарын хүнс экспортолдог. Манай орны мал бэлчээрт идээшилдэг болохоор мах нь чанар сайтай байдаг. Таны айлчлалаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ-ын хооронд дараагийн таван жилд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж бодож байна.
 
Өнгөрсөн жил Итали улсад айлчлах үедээ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төвд зочлон Ерөнхий захирал байсан Жак Дьюфтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж байсан. Дараа нь та манай урилгыг хүлээн авч айлчилж байгаад баяртай байна” гэв.
 
Ерөнхий захирал Грациано Да Силва хариу талархал илэрхийлээд чухал хэрэгцээт органик хүнс экспортлогч болсныг өндөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ “Монгол бол асар их нөөц боломжтой орон. Бид Монголын амжилтад талархахын сацуу хамтран ажиллаж байгаадаа бас бахархалтай байна. Монголын хөдөө аж ахуйн салбарын хүнсний хангалтын чиглэлээр гаргасан ололт амжилтыг манай байгууллага өндөр үнэлж, алтан медалиа танд гардуулахыг хүсч байна. /Медалиа гардуулж баяр хүргэв/
 Бид Монголын Засгийн газартай хамтран ажиллаж техникийн туслалцаа үзүүлэхийн сацуу танай фермерүүдийг дэмжих болно. Танай орныг хөдөө аж ахуйн чиглэлээр дэвшил гаргах их нөөц боломжтой хэмээн үздэг” гэлээ.
 
-Монгол бол ардчилсан, нээлттэй, бүх улстай найрамдал нөхөрлөлийг эрхэмлэсэн бодлого явуулдаг орон. Иймээс бид Умард Солонгост НҮБ-ын шугамаар туслахыг ихэд сонирхож байна. Энэ оронд хүнсний тусламж хэрэгтэй байгаа. Манай ард түмний ололт амжилтыг үнэлж байгууллагынхаа алтан медалийг өгсөнд талархаж байна хэмээн Ерөнхийлөгч нэмж хэлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж