Хүнсний аюулгүй байдлыг хангахдаа дан ганц эрүүл ахуй талаас нь хандахаас илүү хүнсний нийлүүлэлт дээр анхаарах хэрэгтэй гэлээ. Олон улсын жишигт хүнсний бүтээгдэхүүний хангалтыг гаднаас авахдаа 30 хувь хүртэл байдаг бол манай улсад 72 хувийг нь гаднаас нийлүүлдэг. Тиймээс хэрхэн олон улсын жишигт буюу 30 хувьд хүргэх талаар ямар арга хэмжээ авч, ажиллахыг дараагийн хэлэлцүүлэгт тодруулах шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүд сануулж байлаа. Уг төслүүдийг хэлэлцэх эсэхийг 60 хувийн саналаар дэмжиж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын гишүүдээс өргөн барьсан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. Манай улсын хувьд хүнсний аюулгүй байдалд алдагсан гэж яригддаг. Өөрөөр хэлбэл хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, худалдаалахад хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлыг цогцоор нь шийдээгүйгээс 2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын дүнгээр сүүний 60 үйлдвэрээс 42 нь буюу 72 хувь нь эрсдэлтэй, мах, махан бүтээгдэхүүний 139 аж ахуйн нэгжээс 79 үйлдвэр буюу 57 хувь нь өндөр эрсдэлтэй, гурилын 32 үйлдвэрийн 47 хувь нь эрсдэлтэй, нарийн боов, гоймон, хэрчсэн гурил, талх үйлдвэрлэдэг 300 гаруй аж ахуй нэгжийн 80 хувь нь хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж гарсан байна. Тиймээс дээрх хуулиар Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хүнсний сүлжээний бүх үе шатанд хангах харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл зургаан бүлэг, 24 зүйлтэй. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад баримтлах гол зарчим нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хариуцна. Өөрөөр хэлбэл, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь чанаргүй, баталгаагүй бүтээгдэхүүн нийлүүлснээс хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн хариуцах аж. УИХ-ын гишүүн С.Баярцогт саналаа илэрхийлж, зарим гишүүд хуулийн төслийн зарим заалтуудыг өөрчлөхийн тулд төслийг өргөн барьсан гишүүд төслөө эргүүлэн татахыг хүссэн юм. Гэвч дараагийн хэлэлцүүлэгт гишүүдийн байр суурийг тусгах ёстой гэсэн байр суурийг мөн илэрхийлэв. Тиймээс энэхүү төслөөр санал хурааж, 70 хувийн саналаар дэмжигдэн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснээр УИХ-ын чуулганы хуралдааныг өндөрлүүлэв.
Маргаашийн чуулганы хуралдаанаар Улсын дээд шүүхийн хоёр шүүгч, СЕХ-ны дарга, Ерөнхий аудитир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх юм байна.