УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг төслийг Хүний амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулж, хэлэлцэх эсэх асуудлыг танилцуулсан юм. Үүний дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийг танилцуулснаар УИХ-ын гишүүд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн, саналаа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь даатгалд төвлөрсөн мөнгийг төвлөрүүлэн зарцуулах үүрэгтэй. Засгийн газар ил тод, шударга байх ёстой. Гэтэл харьяа яамны сайд нь ҮЗХ-ны гишүүн байж болохгүй гэдгийг онцолсон. Тиймээс дараагийн хэлэлцүүлэгт энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой байх” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Түүнчлэн чуулганы хуралдаанд "Монгол Улсаас Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Гадаад харилцааны сайд Л.Болд танилцууллаа. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, гишүүд саналаа илэрхийлсэн. Энэхүү төслийг 56 хувийн саналаар дэмжин, баталлаа.
Ш.ЧИМЭГ