Их Британийн “BBC” телевизээс ирэх 18-ны өдөр эхлэх байсан “Top of the Pops” хэмээх супер аялан тоглолтыг цуцалсан байна. Энэхүү амьд тоглолт ирэх жилийн дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд Их Британийн томоохон хотуудад тоглогдож, архивын шилдэг видео бичлэгүүдийг тайзны ард үзүүлэхийн хамтаар залуу уран бүтээлчид попын шилдэг дуунуудыг дуулж, “BBC” телевизээр уг тоглолтыг шууд дамжуулахаар төлөвлөж байжээ. Тоглолтын продюсерийн багийн бүрэлдэхүүнд попын хаан агсан Майкл Жексоны “Thriller” дуун дээр ажилласан уран бүтээлчид багтсан бөгөөд тоглолтыг телевизийн нэвтрүүлэгч Сэм Никсон болон Марк Рудес нар хөтлөн явуулах байсан аж. Гэвч тоглолтыг цуцалсан тухай продюсер Дерек Николь мэдэгдэж, тоглолтыг удаан хүлээсэн үзэгчдээс хүлцэл өчсөн байна. “Top of the Pops” аялан тоглолтын тасалбар аль хэдийнэ худалдаанд гарсан байсан боловч юуны учраас тоглолтыг цуцлах болсон талаар тодорхой тайлбар хийгээгүй аж. Уг тоглолтыг Английн Истборн, Бирмингем, Манчестер, Брэдфорд, Ливерпуль зэрэг томоохон хотуудад тоглох төлөвлөгөөтэй байсан байна.
Б.Анхтуяа