БХ-ын сайд Элчин сайд нартай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

БХ-ын сайд Элчин сайд нартай уулзлаа

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кристофер Стюарт, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такенори Шимицү нарыг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Элчин сайдуудтай хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал бодлоо солилцсон байна.

ИБУИНВУ-ын БХЯ Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх талаар анхаарч анх 1996-1999 онд 22 цэргийн алба хаагчийг Их Британид, 15 цэргийн алба хаагчийг өөрийн санхүүжилтээр дотоодын хэлний сургалтанд хамруулж байжээ.

Хоёр орны Батлан хамгаалах салбарт 1999 оноос албан ёсны харилцаа тогтоон 2007-2009 онд “Энхийг сахиулахын англи хэл” төслийг хэрэгжүүлсэн нь Монголын зэвсэгт хүчний англи хэлний сургалтын материаллаг баазыг сайжруулах, англи хэлний багш нар болон цэргийн алба хаагчдын хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд ач тустай ажил болсон, бас “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургалт, дадлагад Их Британи Зэвсэгт хүчний төлөөлөгчдөө оролцуулж байгаад Батлан хамгаалахын сайд талархал илэрхийлжээ. Мөн энэ уулзалтын үеэр хоёр орны Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай албан ёсны гэрээ хэлэлцээрийн төслийг удахгүй байгуулах талаар ярилцсан байна.

Монгол, Японы Иж бүрэн түншлэлийн хүрээнд хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаа. Цэргийн салбарт хамтран ажиллах нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөхөд чухал ач холбогдолтойг Батлан хамгаалахын сайд онцолжээ. Түүнчлэн Монголын цэргийн албан хаагчдыг Японы Үндэсний батлан хамгаалах академийн үндсэн болон магистрын сургалтанд суралцуулж буйд талархал илэрхийлээд цаашид цэргийн эмч нарыг сургалтад хамруулах, Зэвсэгт хүчний эмнэлгийн салбарын шинэчлэлд техник технологийн чиглэлээр дэмжлэг тусламж авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж