Спортын удирдлагууд хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Спортын удирдлагууд хуралдлаа

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд спорт холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад тус газрын дарга Д.Жаргалсайхан, ахлах зөвлөх Д.Сүрэнхорлоо, Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, яамны дэргэдэх Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Туяа, Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар болон спортын холбоодын төлөөлөл оролцлоо. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны удирдлагын төвшний уг хуралд спорт холбоод ирэх дөрвөн жилд ямар шалгуураар, хэрхэн ажиллах талаар ярилцсан юм. Шинэчлэлийн Засгийн газар спортын салбарт шударга ёсыг баримталж ажиллана гэдгээ энэ үеэр дуулгасан. Хурлын үеэр спортын удирдлагуудын байр суурийг сонслоо.  

Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал:

-Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс спорт, биеийн тамирын салбарт онцгой ач холбогдол өгч байгаа. Энэ салбар нь монгол иргэнийг эрүүл саруул, зөв боловсон иргэн болгон хүмүүжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Өмнөх жилүүдэд хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалаад төрийн зүгээс спортын салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийж чаддаггүй байсан. Ирэх дөрвөн жилд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт спорт, биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр, нэн ялангуяа аймаг, дүүрэг бүрт спорт цогцолбор, усан бассейн, явган хүн, дугуйн, гүйлтийн зам байгуулах гээд том бүтээн байгуулалтын ажлуудыг хийх болно.

Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан:

-Спортын салбар 90 гаруй жилийнхээ түүхэнд яамны хэмжээнд ажиллаж байгаагүй. Бидний хувьд шинэ орчин, нөхцөлд шинэ хүмүүстэй ажлаа эхлүүлээд байна. Тиймээс зөв бүтэц, зохион байгуулалттайгаар явуулахыг чармайж байна. Мөн Спортын бэлтгэлийн төвийг Засгийн газрын тогтоолоор Спортын төв ордонд байгууллаа. Аймаг, орон нутгийн байгууллагууд хуучин бүтцээр ажиллана. Мөн яамны хувьд бусад орны ижил тэгш яамдтай харьцах өргөн бололцоотой боллоо. Хэд хоногийн өмнө Бразили улсын Элчин сайдтай уулзаж, 2016 олимпийн бэлтгэл ажлын талаар ярилцсан байгаа. Мөн удахгүй БНХАУ, ОХУ зэрэг спортын салбарт өндөр амжилттай улс, орны яамдтай гэрээ байгуулж, тамирчид, спортын амжилт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллах юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах зөвлөх Д.Сүрэнхорлоо:

-Монгол Улсын биеийн тамир, спортын салбарт түүхэн үйл явдал гарч байна. Биеийн тамир, спортын яам байгуулагдаж, бодлого чиглэлд орсон нь түүхэндээ шинэ хуудас нээлээ. Өнөөдөр бид Монголын спортын холбоодын удирдлагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд ажиллах Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Спортын бэлтгэлийн төвийн үйл ажиллагаа хоорондоо хэрхэн холбоотой ажиллах, ирэх олимпийн үүрэг зорилго, үүнд яамны зүгээс хэрхэн дэмжиж ажиллах зэрэг асуудлыг ярилцлаа. Үүнд хамгийн чухал нь спорт холбоодод төрөөс үзүүлэх ямар чиг үүрэг байж болох, төр, төрийн бус байгууллага хоёрын уялдаа холбоо ямар байвал нийтийн биеийн тамир хөгжих, мөн ард түмнийг биеийн тамираар чийрэгжүүлэхэд спортын холбоод ямар үүрэгтэй оролцох талаар ярилцаж, цаашдын бодлого, төлөвлөлтөө зохицуулах юм. Мөн тамирчдын шагнал урамшуулал, бусад хууль тогтоомжийг өөрчлөх талаар спорт холбоодоос санал авлаа.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж