Монголчуудын сонгуулийн цикль үргэлжилж байна. Дөрөв дөрвөн жилийн давтамжтайгаар сонгууль хэмээх давалгаанд автаж, дөрвөн жилийнх нь хоёрт амсхийж, хоёрт нь долгилдог тэр хэмнэлийн хамгийн өндөр “үелзэлтэй” нь хоёрын хоёр сонгуультай 2012 он. Араас нь Ерөнхийлөгчийн сонгууль залгах хойтонгийн харагчин усан могой жил.
УИХ-ын сонгууль гэдэг том даваагаа давсан монголчуудыг одоо орон нутгийн сонгуулийн удаах даваа хүлээж буй. Өмнөх орон нутгийн сонгуулиудын сурталчилгаа өдийд бараг явж дуусаад санал хураалт дөхчихсөн байдаг байсан. Энэ удаагийн онцлог гэвэл нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай зэрэгцүүлэн зургадугаар сарын 28-нд явуулсан. Харин арваннэгдүгээр сарын 21-ний өдөр аймаг, сум, дүүрэг, хорооны ИТХ-ын сонгуулийг хийхээр хуульчлаад байна.
Гэхдээ УИХ-ын сонгууль бүрэн дуусчихаагүй байгаа. Тэр сонгуулиар тус бүр нэг мандат нь эзэнгүй үлдсэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн26 дугаар тойрог , Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаар тойрогт УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтыг орон нутгийн сонгуультай зэрэгцүүлэн явуулна. Энэ хоёр тойрог бол Монгол Улсын хамгийн олон хүн амтай, хамгийн том дүүргүүд. Монголын хамгийн өнөр өтгөн аймаг Хөвсгөл 110-аад мянган хүн амтай бол Баянзүрх, Налайх дүүрэг 131 мянга,, Сонгинохайрхан дүүрэг 113 мянган сонгочтой, тус бүр гурван мандаттай тойргууд. Хамгийн олон 30 шахам нэр дэвшигч тэр хоёр тойрогт өрсөлдсөн. Тиймдээ санал олон хуваагдаж дээрх хоёр тойргийн гурав дахь мандатын эзэд тодроогүй, өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуульд заасан 28 хувийн босго даваагүй гэсэн үг. Дахин санал хураалтаар 22 дугаар тойрогт 24,66 хувийн санал авсан МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг, 24,61 хувийн санал авсан МАН-аас нэр дэвшигч Д.Арвин нар хоорондоо өрсөлдөнө. Харин Сонгинохайрхан дүүрэгт 26,09 хувийн санал авсан АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, 25,02 хувийн саналтай МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар нар өрсөлдөж ойрхон суудалтай яваа АН, МАН-ын аль нь дахин нэг мандат өвөрлөх вэ гэдэг шовхоо үзнэ. Бас Өвөрхангайн хоёр мандат дээр АН суух уу, МАН суух уу гэдгийг хууль, шүүх тогтоох нэг том ажил бий. “Шударга ёс” эвслийнхэн нэг суудал дээрээ Э.Батшугар, Ц.Оюунбаатар хоёрын нэгийг түлхэхээр “ерөөлт сайн өдөр”-ийг хүлээж сууна.
Орон нутгийн сонгуулийг энэ удаа уламжлалт мажоритар дээрээ пропорциональ элемент оруулсан холимог тогтолцоогоор явуулна. Үүнийг АН-ынхан зөв гэж, харин МАН-ынхан орон нутгийн эрх мэдэлд улс төрийн нөлөө тусгах гэлээ хэмээн дургүйлхсэн ч хууль холимог тогтолцоогоороо батлагдсан. Хуульд заасны дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид маргаашаас тодорч эхэлнэ. Энэ сарын 9-ний өдөр гэхэд аймаг, сум, дүүрэг, хорооны ИТХ-д хэн хэн өрсөлдөх нь эцсийн байдлаар тодорч дуусах юм.
Гэтэл 24 цаг хүрэхгүй хугацааны дараа нэр дэвшигчид бүртгүүлж эхлэх гэж байхад УИХ-ын эмэгтэй гишүүд “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд” эхэлсэн. Тэдний хэлж байгаагаар Орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квот тусгахаа мартчихсан байна гэнэ. Өөрсдөө УИХ-ын сонгуулийн хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квот тусгуулж, зарим нь жагсаалтаар гарч ирчихээд, өөрсдөд нь түшиг болж саналаа өгсөн бүсгүйчүүдээ орон нутгийн сонгуулийн үеэр нь мартчихсан нь хүний мөсөөр тиймхэн хэрэг болж л дээ. Тэгээд өчигдөрхөн яаран сандран Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдэд квот тавиулахаар хуулийн төсөл өргөн мэдүүлсэн юм. Гэвч түүнийгээ намын бүлгүүд, Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулаагүй хойно хий дэмийн самгардсан ажил болоод л үлдлээ.
Тухайн үйл явдал нь ганц хоногийн дараа болох гэж байхад, тэр тусмаа Сонгуулийн хуульд уг номоороо бол санал хураалтаас зургаан сарын өмнө гар хүрдэггүй гэдгийг мэддэгсэн бол эмэгтэй гишүүд тэгж хүндээ хөнгөнөөс өгч болохгүй л байв. Энэ удаа жич шалтгаанаар Орон нутгийн сонгуулийн хуулийг хугацаа давчуу хэлэлцэж баталсан. Тиймдээ ч санал хураах хугацааг цас дүнхийчихсэн байдаг арваннэгдүгээр сарын 21 хүртэл хойшлуулсан. Харин бүсгүй гишүүд аль эрт хөдөлсөн галт тэрэгний хойноос алчуураар даллаж гүйгээд нэмэргүй гэдгийг дараа дараагийн хууль батлахдаа анзаарах биз ээ. Хууль гаргах гэж байгаа бол нэлээд алсыг харах хэрэгтэй гэдгийг хэлэх гээд байна л даа.
УИХ-ын сонгуулийн дахин санал хураалт, Орон нутгийн сонгууль өндөрлөв үү, үгүй юү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлнэ. Ерөөсөө ч одооноос ханцуй, хошуу хавиар эхэлчихсэн л байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн парламентад суудалтай намууд өрсөлддөгөөрөө тоглоомын тойрог арай хумигдмал болдог. Уг нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд МАН дангаараа, УИХ-д олонхийг хамтран бүрдүүлж, шинэчлэлийн Засгийн газар байгуулсан АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамтарч нэг субъект болж орно гэдгээ өнгөрсөн зун мэдэгдсэн. Гэхдээ тэдний энэ “найрамдлын гэрээ” үлдэх үү, цуцлагдах уу гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Улс төрчдийн амбиц хөдөлбөл МАХН, МҮАН, ИЗНН тус бүр хүн дэвшүүлж МАН, АН-тай Ерөнхийлөгчийн сонгуульд үзэлцэж ч мэднэ. Саяхан “Шударга ёс” эвслийн гишүүн Ц.Цолмон МҮАН-аас гарч МАХН-д орсныг ирэх Ерөнхийлөгчийн сонгуультай холбож яриад эхэлсэн байна. Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших боломжгүй бол Ц.Цолмон гишүүн найдлага өвөрлөж байгаа юм байх. МҮАН-даа байвал М.Энхсайхан бууриа тавьж өгөхгүй гэж эртнээс хийж байгаа алхам гэсэн цуурай Төрийн ордонд хадаад эхэлжээ. Тэрнээс биш нэг эвсэлд багтсан тэртэй тэргүй нэг субъект болох хоёр намын нэгээс гарч нөгөө рүү ороод ч яах юм.
Цас зузаарахын түрүүчээр Орон нутгийн сонгууль болно. УИХ-ын “үлдэгдэл” суудлууд эзнээ олно. Түүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн түрлэг эхлэх гэж байна. УИХ-ын сонгуулийн дараа түр намжисхийсэн сонгуулийн ээлжит давалгаа түрэн орж ирлээ.