Архи, пиво үйлдвэрлэгчдэд хатуу сануулав

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Архи, пиво үйлдвэрлэгчдэд хатуу сануулав

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай болон албаныхан өнөөдөр архи, пиво үйлдвэрлэгч компаниудтай уулзаж, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох хатуу сануулга өглөө. Мөн энэ үеэр компаниудад есдүгээр сарын 26-нд тавьсан мөнгөн торгуулийг тав хоногийн дотор төлж барагдуулж, цаашид архи, пивоны сурталчилгааг хуулийн дагуу явуулж байхыг хатуу сануулсан юм. Хэрэв дахин хууль зөрчвөл мөнгөн торгуулийг ШӨХТГ-аас тавихгүйгээр шууд тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна гэв.

Уулзалтад “АПУ”, “Спирт бал бурам”, “Asia Pacific Breweries” зэрэг архи, пиво үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл оролцсон. ШӨХТГ-ын зүгээс тэдгээр компанид хүлээлгэх арга хэмжээнээс гадна тав хоногийн дотор тус тусын албан тоотыг ирүүлэхийг шаардсан юм. Албан тоот нь заасан хугацаанд торгуулаа төлж барагдуулах, цаашид архи, пивоны сурталчилгааг хуулийн дагуу явуулж, хууль зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлөө хураалгахыг хүлээн зөвшөөрсөн утгатай байх ажээ.

Монгол Улсын Зар сурталчилгааны тухай хуульд архи сурталчлахгүй байх, шар айргийг шөнийн цагаар эрүүл мэндэд хортой гэсэн сануулгын хамт сурталчилж болох тухай заасан байдаг учраас ШӨХТГ-аас хуулиа дагахыг шаардаж, ийн хатуу анхааруулж байгаа юм.

Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга О.Магнай  “Урьд өмнөх Засгийн газар архи, пивоны рекламын талаар ямар бодлого баримталдаг байсныг мэдэхгүй. Одоо бол архи, пивоны ил, далд сурталчилгааг хориглоно. Энэ асуудал одоо л сөхөгдөж байгаа зүйл биш. Компаниудын хувьд урьд өмнө нь тавьдаг байсан торгууль багадсан юм байлгүй. Ийм явдал давтагдвал тусгай зөвшөөрөлтэй нь ярина. Энэ бол иргэн бүрт тэгш эрх олгох Шинэчлэлийн засгийн газар шүү дээ” гэлээ.

Харин компаниудын төлөөлөл дор бүрнээ нийгмийн хариуцлагаа эрхэмлэдгээ илэрхийдж, цаашид дээрх шаардлагыг даган мөрдөхөө илэрхийлсэн юм.

ШӨХТГ-ын удирдлагууд өнөөдөр архи, пиво дотооддоо үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан бол дараагийн уулзалтаар архи, пиво импортолдог аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, уулзах гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж