“Хүн бүхэн сэтгэцийн тулгамдсан асуудалтай байдаг”

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

“Хүн бүхэн сэтгэцийн тулгамдсан асуудалтай байдаг”

“Ач” анагаах ухааны дээд сургуулийн Сэтгэцийн тэнхимийн багш, клиникийн профессор Н.Туяатай ярилцлаа.

-Сэтгэцийн эрүүл мэнд гэж яг юу хэлэх вэ?

-Нийт хүн амыг дотор нь гурав хуваадаг. Эрүүл сэтгэцтэй, сэтгэцийн тул­гамдсан асуудалтай, сэт­гэцийн эмгэгтэй хүмүүс гэж. Одоогийн нийгэмд хүн бүр өдөр болгон сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөж байгаа. Архидалт, өвчлөл, гэмт хэрэг, осол ихэссэн нь хүмүүсийг гадны нөлөөтэй стресст оруулдаг. Сэтгэцийн эрүүл мэндийг яагаад ярих ёстой вэ гэвэл өдөр тутам тохиолдож байгаа энэ бүх асуудал, стрессээс өөрөө өөрийгөө хамгаалахгүй бол сэтгэцийн эмгэгтэй болж болзошгүй. Сэтгэцийн эмгэгийн хамгийн эхний шинж тэмдэг нойргүйдлээр илэрдэг.  Нойргүй байна гэдэг нь стресст өртөж байна  гэсэн үг. Сэтгэл санаа зовсноосоо болж байнга сэтгэл түгшилттэй байх нь мөн сэтгэцийн эмгэгт өртөж байгаагийн дохио. Энгийн юм шиг боловч энэ бүгдийг  сэтгэцийн эрүүл мэнд гэж байгаа.

Эрүүл байна гэдэг бие махбодийн хувьд эрүүл байхаас гадна сэтгэл санааны хувьд амар амгалан байх ёстой. Мөн нийгэм нь эрүүл байж хүн эрүүл явдаг. Одоо бүх хүний амьдралд сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд маш хүчтэй нөлөөлөөд түүнээс болж биеийн өвчин нь  ихсээд байгаа. Ороо бусгаа энэ цагт нийгэмд болж байгаа янз бүрийн асуудлыг зогсоож чадахгүй юм гэхэд өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэндийг  хамгаалж сурах хэрэгтэй.

-Яаж хамгаалах вэ, ямар арга замууд байна?

-Зөндөө бий. Хамгийн наад зах нь амьсгалын дасгалыг зөв хийж сурах хэрэгтэй. 2008 онд О.Гүндэгмааг олимпоос мөнгө авахад маш  их харамссан. Сүүлийн таван минутад таван оноогоор илүү байхдаа мань хүн үнэхээр алт авчих юмсан гэж бодож байснаас сэтгэл нь түгшсэн. Үүнээсээ болоод зүрхний цохилт нь нэмэгдэж, амьсгал нь түргэсэхэд өөрийгөө удирдаж, тайвшруулах зүй­слээ бага хийсэн үү, эсвэл дасгалжуулагч нь яг одоо амьсгалын дасгал нүдээ аньж байгаад хий гэж сэтгэл түгшилтийг нь намдаагаагүй юу, нэг л болж өгөөгүй. Хэрвээ сэтгэл түгшилтээ намдааж чадсан бол сайн буудах байсан. Буудаад алдахаар түгшилт нь улам л нэмэгдэнэ. Тэгээд түрүүлж явсан таван оноогоо тав буудалтаар алдсан, энэ маш харамсалтай. Саяхнаас  тамирчидтай цуг сэтгэл зүйч явуулдаг болж байгаад баярлаж байгаа.

Энэ мэтчилэн сэтгэлзүйгээ удирдана гэдэг хүн болгонд хэрэгтэй. Ядаж уураа барьж сурах  хэрэгтэй.  Монгол­чуудын гоё үг байна. Уур биеийг зовоодог, уул морийг зовоодог гэж. Ийм энгийн, бид бүгдээрээ мэддэг хэрнээ мэддэггүй зүйл зөндөө. Энэ бүхэнд нь хүүхдүүдийг багаас сургаж, эзэмшүүлэх ёстой. Гар угаадаг шиг, шүд угаадаг шиг. Хүүхдийг бага, өсвөр насанд нь янз бүрийн болох, болохгүй юманд өртөхөөс сэргийлж, муу юмнаас өөрийгөө татаж авч чаддаг байхад сургаж, бүр дадал болгох ёстой. Хүүхдүүд нэгнээ уруу татаж тамхи татдаг. Татахгүй нэгнийгээ “Өө, чи бацаан юм байна” гэдэг. Ийм буруу юманд тухайн хүүхэд үгүй гээд хэлээд сурчихвал тэр нь дадал болж, насан туршдаа буруу зүйлд автахгүй явж чадна.

…Миний нэг харамсдаг юм манайхан архи уухдаа, гудамжинд гуйваад явж байхдаа, янз бүрийн муухай ааш авир гаргахдаа хэнээс ч ичдэггүй. Тэгсэн хэрнээ архи уух гэдэг тэр өвчнөө эмчлүүлэхээс ичдэг. Архи хэтрүүлж уух нь өвчин шүү дээ.  Өвчин гэдгийг хүмүүс  мэддэггүй. Уул нь зохистой  хэрэглээгээр хэрэглэж болно, уухгүй бол бүр сайн.

-Эрүүл сэтгэцтэй, сэтгэцийн ямар ч эмгэггүй гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Нэр томьёонд бие махбодийн хувьд эрүүл өвчин зовлонгүй, сэтгэл санааны хувьд амар амгалан, нийгэм дунд эзлэх байр суурьтай, дасан зохицох чадвартай хүнийг эрүүл гэдэг. Дасан зохицох чадвар гэдэг маш том юм. Ийм чадваргүй хүн байдаг. Бусадтай  харилцаж чаддаггүй, шинэ хүмүүсийн дунд ороод нийгэмшиж, өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Эсвэл хүмүүстэй муудалцаж, дандаа муу талыг нь олж хардаг, матдаг хүмүүс байдаг.

-Дандаа матаас хийж явдаг хүнийг сэтгэцийн хувьд эмгэгтэй гэж үзэх үү?

-Эмгэгтэй, заргын донтой гэж үзэж болно. Заргын дон гэдэг биеэ даасан өвчний хам шинж юм. Гэхдээ зарга хийгээд явдаг хүн болгоныг эмгэгтэй, өвчтэй гэж болохгүй.  Шударга үнэний төлөө явдаг хүн бий. Хүний гаргаж байгаа зан авир, зан аашаас болоод тухайн хүнийг шизотой гэж болохгүй. Зан ааш, төрөх үйлийн олон шинж хүнд байдаг учраас тэр болгоныг өвчин, эмгэг гэж хамаагүй хэлж болохгүй л дээ.

-Миний таньдаг нэг эмэгтэй шөнө нойр нь хүрэхгүй, нөхрөө дуудаад зовлон, жаргалаа ярилцъя гээд бас унтуулдаггүй  гэнэ билээ л дээ. Ийм хүмүүс сэтгэл зүйн хувьд эрүүл үү?

-Нойрны эмгэг, хямрал гэж бий. Ямар нэгэн юманд санаа зовниход нойргүйддэг. Энэ нь энэ хүн сэтгэлзүйн хувьд тулгамдсан асуудалтай л байна гэсэн үг. Үүнээс гарахын  тулд сэтгэлээ зовоож байгаа тэр асуудлаа сайн талаас нь харах  хэрэгтэй. Хамгийн гол нь эрүүл байна, ажил хийж байна, мөнгө олох чадвар байна. Өнөөдөр мөнгөгүй бол бүсээ чангалж байгаад даваад гарна гэж бод. Санаа зовоож байгаа асуудлыг эергээр нь бодох хэрэгтэй. Бас санаа зовоож байгаа тэр асуудлаа сайн, муу гэдгээр нь ялгаад цаасан дээр бичиж, зэрэгцүүлж байгаад, мууг нь тоосго нурааж байгаа юм шиг авах ёстой. Янз бүрийн аргууд бий.  Хүн өөртэйгөө ажиллаж сурч болдог. Тухайлбал, би  сэтгэцийн эмч болсондоо бурханд баярладаг. Энэ мэргэжлийг эзэмшсэн явдал миний амьдралыг давхар өөрчилсөн. Би нэлээн түрэмгий ааштай, хурц зантай,  хүний үгийг зүгээр өнгөрөөдөггүй, нэлээн сайн хэрүүлч тийм л байлаа. Дэргэдээ байгаа хүнээ бас болоогүй эдийн засгийн хувьд, асуудал шийдэхийн хувьд гээд бүх талаар нь дарамталчихдаг тийм вант улс нэг мэдэхэд бий болчихсон байсан. Аз болоход сэтгэцийн эрүүл мэндийн эмч болоод өөрийгөө өөрчилсөн. Ингэж болохгүй, буруу юм байна гэж олж харж чадвал ямар ч хүн өөрийгөө өөрчлөхийг оролддог. Гэхдээ хугацаа хэрэгтэй.  Би дүрсхийж уурлаад, уурандаа хүнийг юуг ч гэж хэлж, доромжилж чаддаг байсан. Тэгээд яваандаа  “Туяа чи ингэж болохгүй, үүнийг л өнгөрөөх ёстой шүү”  гэж байгаад засдаг болсон. Одоо би хүмүүсийг янз бүрээр хэлж байсандаа харамсдаг.

Хүн хамгийн дээд тал нь хоёр минут ганцаараа хашгирч чаддаг. Тэр үеийг өнгөрөөчихвөл уур бухимдал алга болдог.

-Хүн өөрийгөө өөрчилж чадсанаар амжилтад хүрч чадах байх тийм үү?

-Тэгэлгүй яахав.  Наад зах нь харилцааны ур чадварт сайн суралцана. Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу болохыг мэднэ гэдэг “Энэ ийм зан араншинтай хүн байна, энэ хүнтэй ингэж ярина” гэж мэддэг болно. Ядаж хүнтэй зөв мэндэлж сурна. Хүний зовлонг хуваалцаж, хүний нууцыг хадгалж чаддаг болно. Муу муухай үг амнаасаа унагахгүй, хүчирхийлэл үйлдэхгүй байж чадна. Сэтгэлдээ байгаа үгийг хүнд гаргаж хэлж чаддаг болно. Уур бухимдалтай байгаа хүний үгийг өнгөрөөж сурна. Өнөөдрөөс эхлээд чи өөрөө өөрийгөө өөрчилвөл чамайг дагаад гэр бүл, хамт олон өөрчлөгдөнө. Гэтэл манайхан асуудалд орохоороо гарч гүйгээд архи уудаг. Тайвширч байгаа юм гээд. Тиймээс ирээдүйн аав, ээж болох, ирээдүйд улсаа авч явах боловсон хүчин, сайд, Ерөнхийлөгч болох хүүхдүүддээ багаас нь сэтгэцээ эрүүл байлгахад сургах хэрэгтэй юм.  Хэрвээ асуудал тулгарвал түүнийг яаж шийдэх вэ  гэдэг гарцыг зөв олчихвол хүн сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалаад байж чадна. Тухайлбал, би, өөр дээрээ жишээ авъя л даа. Би даргыгаа ажилтнуудаа загнаад уурлаад байхаар “Өнөөдөр яасан юм бол, хөөрхий амьтан. Эхнэртэйгээ муудалцсан юм болов уу” гэж боддог. Ингэж бодсноороо би өөрийгөө тайвшруулж, өөрийгөө хамгаалж байгаа юм. Ингэхийн оронд даргынхаа өөдөөс “Та ингээд байхдаа яадаг юм” гээд өөрийгөө ч, даргыгаа ч нервтүүлээд байвал дарга бид хоёрын харилцаа улам л муудна. Хүн уурлаж нервтэхээр мэдрэлийн эс үхдэг. Хүний мэдрэл, тархины эс төлждөггүй. Үхсэн эсийн оронд тэлж, томорч нөхдөг. Харин бусад эс төлждөг. Тархи, мэдрэлийн эс үхэхээр ой муудна, амархан мартдаг болно.

-Амьдралын бэрхшээл, зовлонг давж туулж чадахгүй олон хүн амиа хорлож байна. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Үүнийг л түрүүнээс хойш яриад байна. Одоо хүмүүс сэтгэлийн хатгүй болчихжээ, яс нь муудчихжээ гэж яриад байгаа. Ийм юм ч ажиглагддаг. Сэтгэлийн хатыг суулгахын тулд эрүүл мэндийн боловсрол гэдэг юмыг эзэмшүүлэх ёстой. Үер болоод хэн нэг ойр дотны хүн нь амиа алдчихлаа гэж бодъё. Тэгвэл яах вэ, яаж даван туулахыг зааж өгөх ёстой.  Сэтгэлийн тэр гунигаа яаж гаргах вэ гэвэл нэгдүгээрт, сэтгэл зүйчээс зөвлөгөө ав. Бас манай монголчууд гуниг зовлонд орсон, ойр дотныхоо хүнийг алдсан нэгнээ тайвшруулдаг мундаг аргатай. Хэд гурваараа ээлжилж очоод сэтгэлд нь цугласан гуниг зовлонг дахин дахин яриулдаг. Ярьсаар байгаад тэр хүний дотор онгойж, тайвширдаг. Үүнийг нөгөө талаас нь аваад үзье. Зарим хүн сэтгэл доторхоо хүмүүст ярьдаггүй, хүрлийгээд суугаад байдаг. Ингэж хасах цэнэгийг хуримтлуулаад явдаг. Тэгээд гарч архи уучихаад  орж ирэхээрээ гэрийнхэндээ, ойр дотныхондоо агсам тавьж уйлдаг. Ялангуяа эрэгтэй хүмүүс. Уг нь яг уй гашуудалтай үедээ гуниг зовлонгоо гаргаж, тайвширч чадсан бол архи уугаад уйлаад, агсан согтуу тавиад байхгүй. Стрессийг зөв тайлдаг аргуудыг сурах хэрэгтэй.

-Амьдралдаа буруу сонголт хийснээсээ болж хань нөхрөөсөө салсан эмэгтэйчүүд сэтгэцийн хувьд өөрчлөлтөд орж, улмаар сэтгэцийн өвчтэй болчох  амьдрал дээр байдаг. Ийм эмэгтэйчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ганцаардаж, зовлонд орох үедээ хамгийн эхлээд ойр дотныхоондоо ярьж, асуудлаас гарах гарцаа зөв олох ёстой. Хүн ойлгохгүй өөрийг нь буруушаагаад байвал тийм хүмүүс өөрийгөө дорд үзэж, би л азгүй хүн, ийм хувь тавилантай хүн гэж бодож явсаар сэтгэл гутралд ордог. Сэтгэл гутрал гэж тусдаа бие даасан эмгэг байна. Хүн зургаан сараас дээш хугацаагаар сэтгэл гутралтай явбал сэтгэцийн эмгэгтэй болж, яваандаа амиа хорлоно. Гутралын хамгийн аймшигтай юм нь амиа хорлолт. Тиймээс ойр дотныхон нь зөвлөгөө өгч чадахгүй бол сэтгэл зүйчтэй холбож өгөх ёстой. Мэргэжлийн эмчид үзүүл. Сэтгэл гутралд орохгуйн тулд бид сэтгэцийн эрүүл мэнд гэдэг юмаа хамгаалах ёстой. Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах гэдэг янз бүр л дээ. Хүмүүсийг битгий муухайгаар хэл. Хэн нэг нь өөрийнх нь тухай муухайгаар ярихад инээж хүлээж авдаг хүн байхгүй. Тиймээс хүн гомдоож, алдаа гаргасан бол уучлалт гуйж сур. Хүнийг бас уучилж сур. Хүүхдийг загнаж зодчихоод аргадахаар эхэр татаад уйлдаг. Тиймээс хүүхдээ зодсон бол уучлал гуй. Заавал эцэг, эхийн зөв байна гэж байхгүй.

-Хүүхдүүд будаг, цавуу үнэртэх, саван идэх гэдэг ч юмуу зуршилтай байдаг. Үүнээс яаж сэргийлэх вэ?

-Хүүхдүүд хараа, тусгалаараа томчуудаас, орчин тойрноосоо янз бүрийн юм сурч байдаг. Тэгээд тусгаж авснаа юмаа шууд хийдэг. Тиймээс хүүхдийн орчинг эрүүл байлгах ёстой. Аав нь тамхи татдаг хүүхэд  багаасаа, за бараг л ой                   гарантайгаасаа амандаа тамхи зуучихаад жигтэйхэн сордог. Тэр үед аав, ээж нь өхөөрдөж шоолж инээдэг. Гэтэл тэр хүүхэд түүнийг ой тойндоо тусгаж авсаар байгаад томрох тусмаа тамхи татах зуршилтай болох магадлал маш өндөр. Хүүхдүүдийг их сайн ажиглаж байх хэрэгтэй. Багш нар их ажигч. Ажиглачихаад эцэг, эхэд нь мэдэгдэж байх хэрэгтэй. Багш нь “Сүүлийн үед энэ ингээд байна” гэвэл хүүхэдтэйгээ ний нуугүй ярь. Мөн эцэг, эхчүүд хүүхдийнхээ талаар мэдээлэл авья гэвэл хүүхдийнхээ найз нартай найз бай. Гэхдээ манай  эцэг, эхчүүдэд дийлэнхэд нэг дутагдал бий. Хүүхэдтэйгээ ний нуугүй, илэн далангүй байж чаддаггүй. Хэрвээ тийм бол эцэг, эхчүүд өөрсдөө сэтгэл зүйчид хандаж яаж хүүхэдтэйгээ илэн далангүй байх талаар зөвлөгөө ав.  Бид нэг сургууль дээр судалгаа хийсэн. Тэндээс ерөнхийдөө 100 хүүхдийн 63 нь сэтгэцийн, төрөх үйлийн эмгэгтэй байна гэж тодорхойлогдсон. Тиймээс хүүхэд чин мөрийтэй тоглох, хулгай хийх, архи уух, тамхи татах гэх мэт муу зуршилд автах вий гэдгээс үргэлж сэргийлж байх хэрэгтэй байна.

Уул нь энэ бүх амьдралд тулгамддаг асуудлаас хүмүүсийг өөрөө өөрийгөө хамгаалж сурахад боловсролын хичээл хамгийн чухал. Одоо манайд арван жилийн сургуульд тийм хичээл ордог ч шаардлагын хэмжээнд хүрдэггүй.

-Одоо төрийн алба нэлээн бужигнаж,төрийн албан хаагчид олноороо ажилгүй болж байна. Ажилгүй болсноосоо болж сэтгэл гутралд орж байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч?

-Би саяхан Эрүүл мэндийн газарт очлтол. азар татан буугдаж байгаа юм гэнэ. Бүгдийнх нь харц доошоо. Ажилгүй болж байгаа хүмүүс нойргүйдсэн, түгшилттэй байгаа нь  мэдээж хэрэг. Төрийн гаргаж байгаа энэ  мэт шийдвэр ямар нэг байдлаар хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байна гэдгийг төр засаг анхаарч, шийдвэрээ гаргахдаа  харгалздаг  байгаасай. Аав, ээж нь ажилгүй болоход ар гэр, хүүхэд нь хүртэл давхар стресст өртдөг.

Уг нь гадаад орнуудад  байгууллага удирдахаар очиж байгаа хүний сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлох тестүүд хийдэг. Тэр хүн хамт олон удирдах, зөв шийдвэр гаргах чадвартай юу гэдгийг тодорхойлж, ажилд тэнцэх эсэхийг гаргаж ирдэг. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг ийм асар өргөн хүрээтэй ойлголт юм.

-Манайх сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай цөөхөн орны нэг гэж сонссон. Энэ хуулиар юуг зохицуулж өгсөн байдаг юм бэ? 

-Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг асарч хамгаалах хүмүүсийн үүрэг болон сэтгэцийн өвчтэй хүмүүсийн өөрсдийнх нь эрхийг хамгаалах харилцааг зохицуулсан хууль гээд ерөнхийдөө ойлгочихож болно. Сэтгэцийн өвчтэй хүн асарсны төлөө хүмүүст улсаас мөнгө өгдөг. Гэтэл манайд ямар үзэгдэл байдаг вэ гэвэл асрамжинд байгаа хүнээ уурлуулчихаад “Өвчин нь хөдөлчихлөө” гээд дуудлага өгдөг. Очихоор “Танайх энэ хүнээ ав” гэдэг. Тэр хүн тэр айлын хүн биш, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хүн байх нь. Сэтгэцийн өвчтэй хүмүүс өвчнөө хөдөлсөн үед л аюултай, болохоос ердийн үед зүгээр. Бусад оронд сэтгэцийн өвчтэй хүмүүсээр ажил хийлгэж байна. Гэрлийн шил үйлдвэрлэдэг үйлдвэрүүд тэр чийдэнгээ асч байна уу гэдгийг шалгуулах ажлыг сэтгэцийн өвчтэй хүмүүсээр хийлгэдэг. Шинэ жилийн гацуур  модны цаасан чимэглэлийг хийлгэдэг. Манайд ч гэсэн шалны мод, шүүр хийлгэдэг. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн дунд маш ховор авьяастай хүмүүс олон бий.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Эрдэнэцэцэг
“ӨДРИЙН ШУУДАН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж