Хятад ОХУ үнэ тохирч чадаагүй хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Хятад ОХУ үнэ тохирч чадаагүй хэвээр байна

ОХУ-ын байгалийн хийн экспортын
монополь “Газпром” (GAZP.MM) саяхан байгалийн хийн дамжуулах хоолой
барих ажлын явцын талаар Бээжин хотод хэлэлцүүлэг өрнүүлжээ. ОХУ-ын
Эрчим хүчний сайд  Александр Новакийн мэдэгдсэнээр  “Газпром” байгалийн
хийн дамжуулах хоолой тавих барилгын ажлын нийт өртгийн 40 хувийг
Хятадаар төлүүлэхийг хүсч байгаа аж.

ОХУ-ын эрчим хүчний хамгийн том компаниудын нэг “Газпром”  эрчим хүчээр
цангамал Азийн асар том зах зээл Хятадад урт хугацаанд  байгалийн хий
нийлүүлэх асуудлаар сүүлийн дөрвөн жил хэлэлцэж буй боловч үнэ дээр
тохирч чадахгүй байгаа билээ. Бээжинд болсон хэлэлцүүлгийн дараа
“Газпром” компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер хэлэлцээ нэг
алхмаар урагшилсныг мэдэгдсэн байна. ОХУ-ын “Газпром” компани сүүлийн
хэдэн жилд  байгалийн хийн эрэлт буурч, өрийн хямралаас болж бүрхэг
байдал үүссэн Европын холбооноос экспортын хараат байдлаа бууруулах арга
зам хайж байна. “Газпром” компани Хятадад жилд 68 тэрбум метр3 
байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөсөн нь Европт нийлүүлдэг байгалийн
хийн экспортын бараг тал хувь аж. “Газпром” баруун Сибирийн нутгаас жилд
30 тэрбум метр3 , ОХУ-ын зүүн хязгаар дахь нөөц ихтэй газраас жилд 38
тэрбум метр3 байгалийн хий нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Александр
Новакийн хэлснээр Хятадад байгалийн хий нийлүүлэх ОХУ гол төлөвлөгөө нь
“Алтай” дамжуулах хоолойн төсөл. “Газпром” компани хойд туйлын бүсээс
Хятад руу Монгол, Казакстаны хилийн зааг нутгаар ОХУ-ын Хятадтай
хиллэдэг нутгаар байгалийн хий дамжуулах хоолой тавихад ойролцоогоор 14
тэрбум ам.доллар зарцуулах тооцоо гаргажээ. ОХУ мөн шингэрүүлсэн хийг
далайн тээврээр Хятад руу тээвэрлэх боломжтой гэж Эрчим хүчний сайд нь
ярьсан байна. Харин 2009 онд  Хятад зүүн Сибириэс Номхон далай хүртэл
байгалийн хий хоолой тавихад ОХУ-ын түүхий нефть үйлдвэрлэгч, байгалийн
хийн хоолойн монополь “Роснефть”-д 25 тэрбум ам.долларын зээл олгосон
байдаг.

ОХУ, Хятад хоёр улс  2011 онд байгалийн хийн хоолой тавих гэрээнд  үнээс
бусад бүх зүйл дээр тохиролцсон. Гэвч “Газпром” Хятадын талын тавьсан
үнийн саналыг хүлээн авахаас татгалзаж, дээрх хэмжээний байгалийн хийг
Европт илүү өндөр үнээр нийлүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.
Харин хариуд нь Хятад байгалийн хийг төв Азийн орнуудаас импортлох
боломж нээлттэй гэж зөрүүдэлж байгаа гэнэ.

Гэвч ОХУ нэгэн зэрэг баруун, зүүн тийш экспортоо тэлж,  гол тоглогч
болох байгалийн хийн “Алтай” төсөлд Хятад эргэлзэж, байгалийн хийн
хоолойноос болж Европын холбоотой харилцаагаа муутгахаас эмээж байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж