Америкийн давжаа адуу

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Америкийн давжаа адуу

Энэ үүлдрийг америк гэж нэрлэдэг ч уг эх нь Европ юм. Тэртээ 16 –р зууны үед давжаа адууг ихэс дээдэс ордондоо тэжээн зочид гийчдийн нүдийг хужирладаг байжээ. Анхны зураг нь 1756 оны нэгэн уран зураг дээр гарсан байдаг.

Энэ үүлдрийн хуучны английн угшил нь гүнгийн ахайтан Эстелла Хоупын морин завод дээр 20-р зууны дунд үе хүртэл хадгалагдаж явсан байдаг. Гэхдээ тэр үед давжаа үүлдрийг ямагт ихэс дээдсийн ордонд залардаг байсан гэвэл худал болно. Нүүрсний уурхай давчуу зайнд маш жижиг биетэй хүн, жижиг биетэй адуу л магтаж нүүрс малтах боломжтой байсан болохоор 18-р зуунд Англи, Голландын уурхайнуудад хүүхдүүд нүүрс малтаж, малтсан нүүрсийг нь давжаа адуу тэргэтэй нь чирж уурхайгаас гаргадаг байжээ.

Тэндээсээ алдарт уурхайчдыг Америк руу оруулж ирэн мөн л тэрэг чирүүлдэг байв. Аппалчийн зарим уурхайнууд 20-р зууны дунд үе хүртэл давжаа адуугаар хүдэртэй тэрэг чирүүлдэг байсан.

Ер нь америкийн давжаа үүлдрийн цусанд европоос оруулж ирсэн давуу адуу, шетленд пони, аргентиний фалабела гээд олон үүлдрийн цус холилдсон байдаг. Ялгаа нь гэвэл Шетленд үүлдрийн пони гэхэд биеэр том адуунаас огт айдаггүй шууд л өшиглөж тангачаад зодолдох гэж дайрдаг, омголон ааштай байхад америк давжаа адуу нь маш тайван, найрсаг зантай гэдгээрээ эрс ялгардаг.

Америкийн давжаа үүлдрийг үржүүлэгчид нь анхнаасаа л найрсан зантай, жижиг биетэй, үзэмжтэй үүлдэр гаргаж авна гэсэн зорилго тавин ажилласны хүчинд ийм ялгаатай болсон байна. Зан аашнаас гадна давжаа биетэй бусад үүлдрээс ялгагдах нэлээд олон зүйл бий. Тухайлбал, Америкийн давжаа адуу үржүүлэгчдийн ассоциац нь 34 ямх буюу 85 см-аас илүүгүй өндөртэй адууг л давжаа үүлдрийнх гэж бүртгэдэг. Харин Америкийн давжаа адууг бүртгэх дүрмээр бол 95 см хүртэлх өндөртэй адууг давжаа адуу мөнг гэж бүртгэдэг. Тиймдээ ч энэ үүлдрийн Литтл Пампкин нэртэй азарга ердөө 35 см өндөртэйгээр Гиннесийн дээд амжилтын номонд орж аргентины фалабелла үүлдрийг ялсан байдаг.

Америкийн давжаа адуу нь нэлээд урт түүхтэй ч гэлээ угшлын бичгийг 1972 оноос эхлэн явуулсан байдаг. Тэр үед Америк дахь шетленд пони сонирхогчдын клубт 34 ямхаас бага өндөртэй понинуудыг бүртгэдэг тусгай бүртгэлийг явуулж эхэлжээ. Гэхдээ бүртгэл удаан үргэлжилсэнгүй, хоёрхон жил болоод хаагдаж цаашдаа зөвхөн урд нь бүртгэлтэй байсан азарга, гүүний удмыг л давжаа адууны угшлын дэвтэрт тэмдэглэхээр болсон байна.

Харин хүмүүс Их Британи, Голландаас давжаа биетэй адуу оруулж ирсэн хэвээр байв. Гэвч угшлын дэвтэр хөтлөх журам ёсоор жинхэнэ цэвэр америк давжаа адуу гэж бүртгүүлэхийн тулд тэдгээр гаднаас оруулж ирсэн адууг үржүүлэгт ашиглаж болохгүй болж таарсан юм. Гэтэл үүлдрийг эрүүл саруул, бүрэн бүтнээр авч явахад өмнө нь бүртгэлтэй байсан адуунуудын генийн сан хүрэлцэхээ байж элдэв өвчтэй, гаж хөгжилтэй унага төрөх нь ихэсч, улмаар цус сэлгэхээс өөр аргагүйд хүрчээ. Ингээд бүртгэх журманд өөрчлөлт оруулан давжаа адууны олон улсын бүртгэлийн журам ба Америк давжаа адуу үржүүлэгчдийн ассоциацийг байгуулсан байдаг.

Өнөөдөр энэ ассоциацид дэлхийн гуч гаруй орны 12 мянган гишүүдтэй. Зөвхөн АНУ ба Канадад гэхэд л давжаа морьдын 250 гаруй шоу болж байдаг. Шоунд оролцож байгаа давжуу морьнууд жаахан хүүхдүүдүүдэд унуулахаас эхлээд саад дээгүүр харайх, тусгайлан угсарсан тэргээр том хүмүүсийг зөөх гээд үнэхээр сэтгэл татам олон арван үзүүлбэртэй. Өөрөөр хэлбэл бусад биеэр хавьгүй том морьдын хийдэг бүхнийг хийнэ. Ганц л цээртэй. Энэ бол америкт маш хатуу мөрддөгддөг дүрэм бөгөөд давжаа үүлдрийн дауунд гурваас илүү настай хүүхэд унуулахыг хориглодог. Гурваас илүү настай хүүхэд давжаа адуу унаж яваад баригдвал адууг нь шууд л хураагаад авчихдаг аж.

Ер нь америкчууд найрсаг зантай, ганган давжаа адуунууддаа маш их хайртай бөгөөд шөнөдөө гэртээ оруулдаг ингэхдээ дууг нь багасгана гээд туурайнд тусгай гутал өмсгөж, ариун цэврийг сахих үүднээс тусгай памперс өмсгөдөг гээд төсөөлөөрэй.

Бие жижигтэй болохоор давжаа адууг тэжээж ядаад байх юм байхгүй, өдөртөө ганц хоёр кг өвс, атга овёос, ганц хоёр алим байхад л хангалттай. Гэхдээ адуу л болсон хойно бусад үүлдрийн адуутай адилаар зөв тэжээж, цэвэрлэж, вакцинжуулж, чөлөөтэй давхих боломжоор хангаж байх нь ёстой.

Гэхдээ уурхайн хүнд хүчир ажил хийдэг байсан үүлдрийн цус бас байгаа болохоор гадаа байлгасан ч айх юмгүй. Өвлийн хүйтэнд үс нь ургаад даардаггүй.

Хамгийн гол нь найрсагийн дээр маш ухаантай, юмыг хурдан сурдаг болохоор америкт тэднийг хараагүй хүмүүсийг хөтөч болгон ашиглах нь түгээмэл зүйл болсон. Харин хараагүй хүнийг гудамжаар дагуулан явж, дэлгүүр хоршоо, ажлын газраар орон олны дунд тайван явна гэдэг урд нь зөвхөн нохой л хийж чаддаг байсан маш хэцүү ажил байсан бол давжаа адуу өөрийн зан, ухааны хүчээр ядах юмгүй хийдэг болжээ.

Эх сурвалж: WWW.TODMAGNAI.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж