![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/c6933c6ca9e67326/ccc40a5e36ce870aoriginal.jpg)
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ирэх жилээс зөвхөн уул уурхайгаас хараат эдийн засгийг өөрчилнө гэж байлаа. Гишүүн Ц.Даваасүрэн зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой зүйл тусгаж өгөх ёстой гэсэн юм. “Ханшийг чанга, импортыг зөөлөн байлгаж хямралыг давах хэрэгтэй. Оюутолгой үйлдвэрлэл явуулахгүй байгаа. Гэтэл олимпийн медалийг Оюутолгойн алтаар хийсэн. Энэ алтыг хэзээ яаж гаргасан юм бэ” гэж тэрбээр асууж байлаа.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал уг алтыг яаж гаргасныг мэдэхгүй гэсэн утгатай үг хэлсэн нь Оюутолгойн үйлдвэрлэл эхлээгүй байхад алт хэрхэн боловсруулсан бэ гэсэн эргэлзээг төрүүлэв. Гишүүн Н.Энхболд “Нэлээд тооны барилга зогсоосон. Үүнээс болж барилгын нийлүүлэлт тасарч үнэ өсөх үү. Шатахууны үнэ цаашид үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх вэ” гэсэн асуулт тавьсан юм.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Арваад жилийн өмнөхөөс шатахууны асуудалд ихээхэн өөрчлөлт орсон. Үүнийг авч үзэлгүй явж ирснээс шатахуунаас үүдэлтэй үнийн шокууд гардаг болсон. Шатахууны үнийн зохицуулалтыг олон улсын жишгээр шинэчлэн хийхээр Засгийн газартай хамтарч ажиллана. Хэлцэл дээр дэмжлэг үзүүлнэ. Барилгын асуудал яваандаа үнэд нөлөөлж магадгүй. Барилгын салбарт 800 гаруй тэрбум төгрөгийн зээл явдаг. Барилгын үнэд хөөс үүсэхээс санаа зовж байна” гэсэн байр суурь илэрхийллээ.
Үүгээр үдээс өмнөх хуралдаан 13.25 цагт завсарлалаа. Үдээс хойш Мөнгөний бодлогын хэлэлцүүлэг 15.00 цагаас үргэлжилнэ.