Замын бөглөөтэй хийсэн тэмцэл

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Замын бөглөөтэй хийсэн тэмцэл

Улаанбаатар хот замын түгжрэлээ арилгах гэж янз бүрийн арга сэдэж хэрэглэж байна. Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус явдаг болгож, энэ эгнээгээр явсан машинуудыг замын цагдаа нар хайр найргүй торгож байна.

Замын ачаалал түгжрэл гэдэг ганцхан манайд байгаа юм биш. Дэлхийн улс орнуудад, том хотуудад бүгдэд бий. Унадаг дугуйг дахин бүтээх хэрэггүй гэж нэг үг бий. Дахин хийх гэж цаг алдсанаас сайн дууриа гэсэн л дээ. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Сингапур өнөөдөр манайхан шийдэх гэж үзээд байгаа замын түгжрэлийг хэрхэн шийдсэн талаар Сингапурын Ерөнхий сайд асан Ли Гуан Яао-гийн “Буурай орноос бусдын манлайд хүрсэн” түүх номноос хэсэглэн хүргэж байна.

Ачаалалтай үеийн замын бөглөрөл 1975 он гэхэд тэсэхийн аргагүй болов. Гэтэл нэг сонинд хэт ачаалалтай үед төв рүү орох машины тоог хязгаарлахын тулд төлбөр авдаг болъё гэсэн санаа дэвшүүлсэн байхыг олж үзээд ажилтнууддаа судлах даалгавар өгч билээ.

Манай хүмүүс судалж үзээд биелж болох юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Тэд төв рүү орох гол гол замууд дээр хоногийн тогтсон цагт хяналтын цэг ажиллуулж, орох машинаас төлбөр авах бөгөөд төлбөрийн тасалбараа жолооч нар цонхныхоо шилэн дээр тогтоож явах журам мөрдөхийг санал болгосон. Үүнийг би олон нийтээр хэдэн сар хэлэлцүүлж, чухам ямар дүрэм журам мөрдвөл зохилтой талаар санал авахуулсан.

Тухайлбал дөрвөн зорчигч суулган төв рүү орох гэж байгаа машин заавал зөвшөөрөл өгөх эсэх, хотын төв рүү орох өдрийн төлбөр 3 сингапур доллар байх, сараар бөөн авбал түүнээс хямд байх гээд олон зүйл байсан. Замын бөглөрлийг арилгах энэ бодлогыг олон түмэн сэтгэл хангалуун хүлээж авсан. Гэхдээ л энэ алхамаа би түр зуурын, амьсгаа авах төдий зүйл гэдгийг мэдэж байсан.

Хүмүүсийн орлого нэмэгдэж, ахуй сайжрахын хэрээр машины тоо нэмэгдсээр байсан. Ингээд би асуудлыг шийдэх гол гарц нь ердөө л машины тооны өсөлтийг замын бөглөрөл үүсэхгүй хэмжээнд барих бодлого юм байна гэж шийдсэн. Бид хэчнээн олон туннель, давхар зам, хурдны зам бариад ч машины тооны өсөлт замын бөглөрөл үүсгэсээр л байх нь тодорхой.

Шинэ машинтай болохыг хүсэгчид авах эрхээ дуудлага худалдаагаар авах журам мөрдөх санал би дэвшүүлсэн. Жил бүр дуудлага худалдаанд оруулах эрхийн бичгийг замын сүлжээний нэвтрүүлэх чадварын өсөлттэй холбон тооцож байлаа. Бид тэр үед машины тооны 3%-тай тэнцэх хэмжээний эрхийн бичиг олгоход тэр үеийн замын нэвтрүүлэх чадал даана гэж тооцож байсан хэрэг. Ингээд манай олон нийттэй харилцах асуудал хариуцсан сайд парламентийн холбогдох асуудал хариуцсан хороонд хуулийн төсөл боловсруулан оруулж хэлэлцүүлсэн.

Бид дуудлага худалдаанаас шинэ машин авах эрх авсан хүмүүс өөрийн бололцоогоор арван жилийн хугацаанд машин авч болно гэсэн зарчим дээр тогтож ярьж байлаа. Тогтоосон зарчим үр дүнгээ өгч жилийн машины тооны өсөлтийг гурван хувиас хэтрүүлэхгүй барьж чадсан. Эхний үед машины эрхийн бичгийн үнэ бага байснаа төдөлгүй тэнгэрт хадталаа өссөн. Тухайлбал 2000 см. кубметрээс дээш багтаамж бүхий хөдөлгүүртэй машинтай болох эрхийн бичиг 1994 онд 100000 гаруй сингапур  доллараар борлогдох болсон. Бас дээр нь гаалийн өндөр татвартай байсныг ч үл тоон ийм үнэд хүрч байсан хэрэг.

Удалгүй машинтай болохыг хүссэн эрхийн бичиг тойрсон булхай буруу явдал машины дилерүүдтэй холбоотойгоор гарч байгаа тухай олон хүн сонин сэтгүүлд бичих болов. Дилер буюу үнэн хэрэгтэй луйварчид гэж хэлж болох энэ хүмүүс элдэв арга саам хэрэглэн дуудлага худалдаанаас машины эрхийн бичиг аваад дараа нь түүнийгээ өөр хүний нэр дээр шилжүүлэх замаар дамжуулан худалддаг байсныг засгийн газар мэдэж шуурхай арга хэмжээ авсан.

Өөрөөр хэлбэл дуудлага худалдаанд дилерүүдийг оруулдаггүй, эрхийн бичигт анх заасан нэр өөрчлөхийг хорьсон. Ингээд ч байдал өөрчлөгдөөгүй. Улс орны эдийн засаг сайжрахын хэрээр хөрөнгийн бирж дээр арилжигдаж байсан үнэт цаас, эрхийн бичгийн үнэ өсөж байв. Бас 1997- 1998 онд дэгдсэн эдийн засгийн хямралын үед эргэх үйл явц болсныг хэлэх хэрэгтэй. Бид нэг иймэрхүү маягаар алдаж онохыг хослуулан байж сая хийхээр сэдэж байгаа ажлаа өргөн олон түмэн талархан дэмжиж аваасай гэж хүсэж байгаа бол эхлээд санаагаа сайдуудтайгаа сайн ярьж зөвлөх, дараа нь Засгийн газрын байнгын нарийн бичгийн дарга нар хийгээд холбогдох албан тушаалын хүмүүстэй санал бодол солилцох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Үүнийхээ дараа анхны төсөлдөө гарсан санаа оноог тусгаж байгаад гардан хэрэгжүүлэх хүмүүстэйгээ ярилцвал үр дүнтэй болдог гэдгийг ойлгосон.

Дээр өгүүлсэнтэй адил өргөн олны хүсэл зоригтой холбоотой асуудал байвал мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан олон түмнээр хэлэлцүүлдэг байлаа. Метро барих шийдвэр гаргахынхаа өмнө бид бүтэн жилийн турш тусгай зориулалтын зурвасаар явдаг автобус хэрэгтэй юу, аль эсвэл метро дээр үү гэсэн асуултаар өргөн хэлэлцүүлэг зохиож байлаа. Энэ хоёр хувилбарын аль нь дээр вэ гэдэгт америкийн зөвлөхүүд бас ажилласан. Тэд манайх шиг бороо ихтэй газар автобус удаан явах болохоор замын бөглөрөл үүсдэгээрээ л үүсэх учраас асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Харин метронд ийм бэрхшээл учрахгүй гэж бидэнд итгүүлсэн.

Машины тоог эрхийн бичгээр хязгаарлаад ч, хотын төв рүү орох төлбөрийг ихэсгээд ч, метро бариад ч хувьдаа машинтай болох гэсэн хүмүүсийн хүсэл сонирхлыг хязгаарлаж чадахгүй байлаа. Замын төлбөрийн хураамжийг 1998 онд электрон тооцооны аргаар хураадаг болсон. Хотын гол гол зангилаа уулзвар дээр байрлуулж нэгдсэн системд холбосон тоолуур, машины урд шилны дор байрлуулсан электрон картын тусламжтайгаар машин бүрийг өнгөрөх тоолонд бүртгэх болсоноо хэлж байна.

Ингэснээр бид ямар газраар, хэдийд, хичнээн машин өнгөрснийг автоматаар бүртгэхийн зэрэгцээ төлбөрийг тухайн машины жолоочийн данснаас шууд авдаг болсон. Мөн замын ачааллыг уулзвар бүр дээр цаг цагаар харж тооцох болсон. Ингэснээр авах төлбөрийг ачаалал, цагтай уялдуулан өөр өөрөөр тогтоох, замын ачааллыг нийт замын хэмжээнд жигдлэхийн тулд зам барих цаашдын ажилдаа анхаарах, бодож боловсруулах боломж санаагаа ч олж харах боломжтой болсон.

Замын сүлжээ хэр оновчтой байгаа, тэрчлэн нийт замаа жигд ашиглаж чадаж байгаа эсэхээс төлбөрт орж ирэх мөнгөний хэмжээ хамаарах учраас засгийн газар зохистой шийдэл олох их сонирхолтой байсан юм.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж