Гадаадад зээлээр суралцах шалгалтыг ил тод болгоно

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Гадаадад зээлээр суралцах шалгалтыг ил тод болгоно

Төрийн сангийн зээлд жил бүр 100 хүн хамрагдаж байгаа бөгөөд энэ жилийн эхний шалгаруулалт өнгөрсөн хавар болж, 70 хүнийг сонгожээ. Харин үлдсэн 30 эрхийн төлөө ээлжит шалгаруулалтад ердөө 20 залуу өрсөлдсөн байна. Бүртгэлийн хугацааг долоо хоногоор сунгаад ч өрсөлдөгчдийн тоо тоймтой нэмэгдээгүй байна. Гадаадад магистрантурт сурах нэг хүний зардалд төрөөс 40 сая төгрөгийн зээл олгож, хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэтэл энэ боломжийн төлөө цөөн тооны хүн бүртгүүлсэн нь төр, засгийн ажил эзэндээ хүрч чадахгүй байгаагийн илрэл гэж Монгол Улсын Засгийн газраас дүгнээд, гадаадад суралцахаар явуулах хүүхдүүдээ сонгон шалгаруулах явцыг ил тод болгох нь зүйтэй гэж үзжээ. Ингэхийн тулд хавар, намрын улиралд сар, өдрийг нь тодорхой зарлаж, гадаадад явах хүүхдүүд шалгалт өгдөг гэсэн тогтсон өдөртэй болгох гэнэ. Мөн шалгалт авах явцыг ил тод болгож, хэн, ямар мэргэжлээр хаана сураад, хэзээ эргэж ирж байгааг нь ч тодорхой болгох юм байна. Шалгалтад бүртгэх, шалгалт авах явцыг нээлттэй болгож, төрийн сангийн зээлд чадвартай л бол хэний ч хүү, охин хамрагддаг нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах гэнэ.

1997 оноос хэрэгжсэн сургалтын төрийн сангийн санхүүжилтэд 1400 гаруй хүн хамрагдаж, Америк, Англи, Австрали, Орос, Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг дэлхийн 30 гаруй орны нэр хүнд бүхий сургуульд суралцжээ. Өнөөдөр мөрдөгдөж байгаа журмаар бол эх орондоо эргэн ирж, таван жил ажилласны дараагаар зээлээс чөлөөлөгдөж байгаа талаар Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж