Монголчуудыг визжүүлэх талаар өндөр төвшинд ярьжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Монголчуудыг визжүүлэх талаар өндөр төвшинд ярьжээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн саяхан БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаар тус айлчлалын багт орсон УИХ-ын эрхэм гишүүн Д.Тэрбишдагва, Д.Энхбат, С.Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Айлчлалын үеэр хоёр орны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярьжээ. УИХ-ын дарга БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга, тэдний таван байнгын хорооны дарга, Ерөнхий сайд нартай уулзсан аж. Стратегийн түншлэлийн харилцааг улам эрчимжүүлэх, уул уурхай, төмөр зам, эдийн засаг, эрүүл мэнд гээд олон асуудлыг энэ үеэр хөндсөн байна. Хамгийн гол нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууддаа санаа тавьсан, тэдний эрх ашгийн төлөө олон яриа хэлэлцээр хийсэн айлчлал болсныг гишүүд онцгойлон хэлж байлаа. Ялангуяа БНСУ-д хууль бусаар амьдарч, хоёр улсын хууль зөрчиж байгаа монголчуудыг визжүүлэх талаар өндөр төвшинд ярьжээ. Энэ асуудлыг УИХ-ын дарга уулзсан өндөр албан тушаалтан бүртээ хэлж явжээ. Мөн БНСУ-ын томоохон эмнэлэгтэй хамтран ажиллаж, тус эмнэлэг монголчуудад хөнгөлөлттэй үйлчлэхээр болсноо илэрхийлсэн байна. Монгол Улсын 35 мянган иргэн БНСУ-д байдгаас 12 мянга нь хараар ажилладаг гэсэн тоо гарчээ. Хоёр орны дипломат харилцааны 20 жилийн ойг тохиолдуулж дээрх ярилцсан асуудлуудыг шийдэх талаар ч санал солилцжээ. Тэнд байгаа 35 мянган монгол иргэнээ мэргэжилтэй болгож эх орондоо ирээд амьдралаа аваад явдаг болгоход санаа тавьсан байна. БНСУ Зүүн хойд Азийн хөгжил дэвшил сайтай том орон болж байгааг гишүүд тэмдэглэж байлаа.
БНСУ-ын Үндэсний ассамблей буюу парламент УИХ-ын Тамгын газартай хамтран ажилладаг. Тэдний шугамаар 76 компьютерийг УИХ-д бэлэглэсний 10 гаруйг парламентын сэтгүүлчдийн өрөөнд тавьсан юм. Одоо 50 хувилагч нэмж бэлэглэхээ амлажээ.
БНСУ-ын уул уурхайн 10 компани нийлж консорциум байгуулан ашигт малтмалын салбарт Монгол Улстай хамтран ажиллахаар болсон байна. Бас төмөр замд хөрөнгө оруулалт хийж хамтарсан төмөр зам барихаар ярьжээ. Ер нь бүх салбарт Монгол Улстай хамтран ажиллах саналаа БНСУ-ын тал илэрхийлсэн юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж