
Баянгол дүүргийн нутаг, Жигүүр грандын урд байрлах өрхийн эмнэлэг, мөн “Ган зам” зочид буудлын баруун талд байдаг өрхийн эмнэлэг гэсэн хоёрхон эмнэлгээр үйлчлүүлэх гэж очоод “Иргэд өрхийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарьт тааруулж өвдөх ёстой юм байх даа” гэсэн эсэргүү бодол тээсэн билээ.
Үдээс хойш 14:00-15:00 цагийн хавьцаа л байна уу даа дээрх хоёр эмнэлэгт дусал хийлгэх санаатай очоод “Ажлын цаг дууссан” гэх хахир үгээр ам руугаа алгадуулан буцав. Ядраад байсан болохоор хийлгэчих санаатай “Төлбөрийг нь төлье” гээд ч бүтээгүй. “Ажлын цаг дууссан болохоор яах ч арга байхгүй. Дусал хийхээр удна” гээд халгаасангүй. Энэ янзаараа амь нас нь үхлийн ирмэг дээр байгаа хүнд эмч хүний амнаас гарамгүй үг хэлээд зогсох вий дээ. Ер нь тэгдэг ч гэх юм билээ, хүмүүсийн ярианаас анзаарч байхад. Ажиллах цаг, үйлчилгээ нь иргэдэд ойлгомжгүй, чанаргүй санагддаг учраас өрхийн эмнэлгийг ойшоож үзэлгүй шууд алгасч хоёр, гуравдугаар шатны эмнэлэгт ханддаг үзэгдэл иргэдийн дунд түгээмэл байдаг. Угтаа бол өрхийн эмнэлэг үйлчлэх хүрээнийхээ хүн амд анхан шатны тусламжийг зайлшгүй хүргэж байх үүрэгтэй. Ийм ч үүрэгтэй байхаар хуульчилсан. Гэтэл төсвөөс 100 хувь санхүүжиж төрийн болон орон нутгийн өмчид тулгуурлан үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эмнэлгүүд энэ үүргээ огтхон ч биелүүлдэггүй. Гэхдээ бүх эмнэлгийг муу гэж хамруулаагүй шүү. Дийлэнх нь иймэрхүү байгааг л хэлж буй хэрэг. “Өрхийн” гэдэг нэрнээсээ эхлүүлээд бодоход ч энэ эмнэлгүүд харьяа хорооныхоо хүн амд хамгийн дотно туслагч, зөвлөгч, эрүүл мэндийг нь сахин хамгаалагч баймаар. Гэтэл үдийн хойно хүрэлгүй хаалга барьж, ажлын цаг дууссан гэх маягаар хандаад байвал өрхийн эмнэлэг байхын хэрэг байдаг ч юмуу даа. Хэрвээ байлгах хэрэгтэй гэвэл төрийн зүгээс өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд тусгай цагийн хуваарийг заавал баримтлуулж, амралтын өдрүүдэд ажилладаг болгох, иргэдэд үдийн цайны цагаар нь үйлчилдэг болгоход ч гэмгүй. Бас иргэд ажлаа тарсан хойно очиж үйлчлүүлэх боломжтой болгож ч болно. Үнэхээр л өрхийн эмнэлэг юм бол үйлчилгээ нь иргэдэд ойрхон л байх учиртай.
2002 онд манай улс өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжсэн гэдэг. Энэхүү шинэчлэлийн хүрээнд өрхийн эмнэлэг хувийн хэвшлийн хэлбэрээр зохион байгуулагдаж, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх зарчмаар ажиллаж байгаа гэсэн. Гэтэл үйлчилгээ нь чанаргүй, тухайн хорооны өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд орж, гарахаас хэтрэхгүй л байна. Уул нь төр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж, чанартай, цогц хүргэхээр өрхийн эмнэлгийг байгуулсан юм бол өнөөдөр амьдрал дээр эсрэгээрээ болчихсон. Иймд өөрчлөлт хийх л хэрэгтэй.
Яагаа ч үгүй эрт хаалгаа дангинатал цоожлоод алга болчихдог өрхийн эмнэлгээр яах юм. Хүнд өвчин хэлж ирдэггүй. Хэдийд ч өвдөж болно. Өвдөөд өрхийн эмнэлэгтээ хандаж, тусламж үйлчилгээг авч байвал хэчнээн амар байх вэ. Гэтэл түргэн дуудах юмуу, эм авч ууж л аргацаадаг.
Нэгэнт төр санхүүжүүлдэг юм бол цаашид өрхийн эмнэлгийг төрийн өмчид авч, үйлчилгээг нь сайжруулбал яасан юм бэ. Хэрвээ тэгж чадахгүй бол татан буулгачихад ч болохоор мэт. “Өрхийн эмч нар танил талаа хардаг, харилцааны соёлгүй, мэдлэг, ур чадвар нь хангалтгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэггүй, хүнд сурталтай, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө өгч чаддаггүй, сургалт сурталчилгаа хийдэггүй, ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй” гэхчлэн “Муу” үнэлгээ ихтэй. Ийм муу үйлчилгээг байлгаж, төсвийн мөнгийг үргүй зарлагадах хэрэг байна уу.
“ӨДРИЙН ШУУДАН”
