Энэ удаагийн уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон бусад гишүүд оролцлоо. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Бид шинэчлэлээр шинэчилье” олон нийтийн саналыг шууд авч, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа. Ардчилсан намаас Монгол хүн-2020 хөтөлбөрийн эхний ажлуудыг хийж эхэлж байна. Үүний эхлэл нь 1990-1995 оны ажилгүй, нийгмийн даатгал төлж чадаагүй иргэдийг тэр хугацаан дахь нийгмийн даатгалын мөнгийг нөхөн төлөх боломжийг иргэддээ олгож байгаа. Монгол хүн-2020 уулзалтын хүрээнд нийгмийн даатгалыг нөхөн олгох чиглэлээр маш олон иргэд санал өгч байсан. Мөн халамжийн байгууллагыг босоо тогтолцоонд шилжүүлж чадсан. Хамгийн чухал нь ирэх сараас эхлэн хүүхэд бүрт сар бүр мөнгө олгохоор болсон. Хүүхдийн мөнгө олгохыг тодорхой судалгаа хийж, олон хүнээс санал авсны үндсэн дээр олгохоор болсон юм. Өнгөрсөн хугацаанд хийсэн бас нэг ажил Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг баталж, УИХ-ын сонгуультай ижил системээр явуулахаар болсон. Энэ мэт ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн” гэлээ. Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчид хэзээ тодрох вэ?
-Хуулийн дагуу нэр дэвшигчид тодорч эхэлж байна. Ирэх аравдугаар сарын 9 хүртэл урьдчилсан байдлаар тодорно. Нам, эвсэл нэр дэвшигчдээ аравдугаар сарын 2-нд тодруулж дуусна, нэр дэвшигчдийг тодруулах сүүлийн хугацаа нь аравугаар сарын 9-нд дуусгавар болно.
-МАН-ын зүгээс Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг олонхиороо хүч түрэн баталсан гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ер нь бол сөрөг хүчин шүүмжлэх, байр сууриа илэрхийлэх эрхтэй. Бид Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, баталсан. Үүнийг юу гэж тайлбарлах нь тухайн намын өөрсдийн асуудал. УИХ хууль баталдаг процедур буюу журмын дагуу энэ хуулийг баталсан.
-МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл дотроо задарч эхэлж байна гэх яриа гарч байна. Ийм үед эвслийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох уу. Мөн орон нутгийн сонгуульд эвсэлтэй хамтарч оролцох уу?
-Эвслийн бүлгийн дотоод асуудалд Арчилсан нам оролцох боломжгүй. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох эсэхийг тухай бүрт нь шийдвэрлэнэ. Орон нутгийн сонгуульд хамтарч оролцоно. Үүний дагуу 21 аймаг, 300 гаруй сумандаа гэрээ байгуулаад явж байгаа.