Поп, опера урсгалаар уран бүтээлээ туурвиж, шинэ өнгө төрх мэдрүүлсэн “Увертюра” хамтлагийнхан энэ жил гурван нас хүрч байгаа билээ. Тэд өнөөдөр 19.00 цагт хуучнаар “Ард” кино театрт байрлах “Од” театрт “Удиртгал” нэртэй анхны цомгоо өлгийдөн авах гэж байна. Тиймээс тэд цомгийн баяртаа зориулсан “VIP” тоглолт хийхээр болжээ. Тэд тоглолтоо “урилгын” гэх тодотголтой хийж байгаа учраас тасалбар борлуулахгүй, гурван жилийн турш хамтарч ажилласан байгууллага, хөгжмийн студи зэрэг тэдэнд тусалсан хүмүүст тоглолтоо үзүүлэхийг зорьж байгаа гэнэ.
Тус хамтлагийн “Удиртгал” нэртэй анхны цомогт “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Дөрвөн цагийн тал” зэрэг залуусын дунд хит болсон есөн уран бүтээл нь багтжээ. Залуучуудын анхны цомгийн уран бүтээл дээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-од нар зөвлөгөө өгчээ. Энэ удаагийн “VIP” тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам болон “Анир” студийн найруулагч, хөгжмийн зохиолч А. Алтанхуяг нар ажиллах юм байна.
Г.ДАША