Сингапурын Гадаад хэргийн дэд сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Сингапурын Гадаад хэргийн дэд сайдтай уулзав

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн дэд сайд Билахари Косиканыг өчигдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Дэд сайд Д.Ганхуяг Сингапурын талд шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын зорилтуудыг танилцуулж, Зүүн Өмнөд Азийн чухал түнш орон Сингапур Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг нотлов. Энэ хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг бүх салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг онцлов.

Сингапурын Гадаад хэргийн дэд сайд Б.Косикан Сингапур Улсаас хөгжиж байгаа орнуудад үзүүлдэг техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хоёр тал идэвхтэй хамтарч ажиллаж ирснийг дурьдаад, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн салбарт түлхүү хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв.

Талууд ноён Б.Косиканы энэхүү айлчлал нь сингапурын талаас Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлж байгаа анхны өндөр хэмжээний айлчлал гэдгээрээ онцлог гэдэгт санал нэгдэж, энэхүү айлчлал нь улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эрчимжүүлэхэд ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Хоёр орны ГХЯ-ны дэд сайд нарын уулзалт ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалд болж, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал алхам боллоо.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж