УИХ-ын даргын асуудлаар цэц дүгнэлт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын асуудлаар цэц дүгнэлт гаргалаа

УИХ-ын даргыг сонгосон Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргаан дэгдэж иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэцээс өргөдлийг судлаж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Энэ талаар Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн албан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн I хорооны оршин суугч, иргэн Б.Лхагважав, Баянгол дүүргийн VI хорооны оршин суугч, иргэн Ж.Батсуурь, XIV хорооны оршин суугч, иргэн Ш.Раднаасэд, XIX дүгээр хорооны оршин суугч, иргэн Д.Банзрагч, Ч.Гомбосүрэн, Сүхбаатар дүүргийн II хорооны оршин суугч, иргэн Ө.Ганхуяг, Баянзүрх дүүргийн IV хорооны оршин суугч, иргэн  Х.Чойжилжав нар Үндсэн хуулийн цэцэд  хандаж өргөдөл гаргасан билээ. Тэд өргөдөлдөө,

“2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар бүрдсэн шинэ парламентын анхдугаар чуулганаас эхлээд харьцангуй олон суудал авсан Ардчилсан, түүнтэй эвссэн МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл болон ИЗНН-ын гишүүд Улсын Их Хурлын даргыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчин сонгосны улмаас эрх зүйн маргаан зөрчил үүссэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11.2 дахь заалтын дагуу анхдугаар чуулганы зохион байгуулж удирдах эрхтэй насаар хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл нэгдсэн хуралдааныг 2012 оны долдугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт эхлүүлэхээр зарласан байтал Улсын Их Хурал дахь олонхийг бүрдүүлсэн нам, эвсэл өмнөх өдөр буюу долдугаар сарын 24-нд хууль зөрчин хуралдааныг хийж улмаар Улсын Их Хурлын гишүүн Л.Цогоор хуралдааныг даргалуулан  тус хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс хуулийн зүйл, заалтыг дураар тайлбарлан Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай 2012 оны долдугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолыг баталсан явдал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт,  Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчин эрх зүй, улс төрийн өнөөгийн ээдрээтэй байдлын эхийг тавьсан. Ингэж хууль зөрчин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн З.Энхболдыг Улсын Их Хурлын дарга гэж үзэх үндэслэлгүй юм.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг нь ”…Улсын Их Хурлын даргыг сонгож дуустал Улсын Их Хурлын насаар хамгийн ахмад гишүүн чуулганы хуралдааныг зохион байгуулж даргална” гэсэн туйлын тодорхой гипотезийг агуулсан хэм хэмжээ болно. Гэтэл ингэж тодорхой заасаар байтал “дараагийн” ахмад настан гишүүн болон Улсын Их Хурлын гишүүн Л.Цог хуралдааныг даргалж “Улсын Их Хурлын даргыг сонгох тухай“ 02 дугаар тогтоолыг хуралдаанаар баталж, тухайн хуралдаанд оролцсон гишүүдийг хууль бус тогтоолоо батлуулах санал хураалтанд оролцуулсан нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн үйлдэл болжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээр өөрийг нь Улсын Их Хурлын даргаар хуульд заасны дагуу сонгогдсон эсэх талаарх маргаан эцэслэн шийдэгдээгүй байтал З.Энхболд өөрийгөө Улсын Их Хурлын даргаар хууль ёсны дагуу сонгогдсон гэж удаа дараа мэдэгдэж байгаа юм. Тэгсэн хэрнээ З.Энхболд Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд нам, эвслийн бүлэг байгуулагдана гэсэн Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, “бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг … нэгдсэн чуулган дээр албан ёсоор мэдээлнэ гэсэн Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь заалтыг зөрчин МАН-ын бүлгийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосоор өдийг хүрлээ. Үнэхээр өөрийгөө хууль ёсны дарга гэж үзэж байгаа юм бол Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. 2012 оны долдугаар сарын 24-ний өдрийн хуралдааныг хууль бус даргалагчтай хуралдаан гэж үзэж албан ёсоор оролцоогүй Улсын Их Хурлын 25 гишүүнд Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олголгүйгээр Улсын Их Хурлын даргыг сонгосон нь Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Улсын Их Хурлын даргыг сонгох тухай 2012 оны долдугаар сарын 24-ний өдрийн  02 тогтоолыг батлахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр  зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэсэн нь уг тогтоолыг батлахдаа яарч сандран хуульд хүчээр нийцүүлэн, хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна” гэжээ.

Иймд Улсын Их Хурлын 2012 оны долдугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн болохыг,  Улсын Их Хурлын даргаар сонгогдсон гэх Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд нь нам эвслийн бүлэг үйл ажиллагаагаа явуулах, Улсын Их Хурлын  дэд даргыг сонгох, Байнгын хороодыг байгуулах, даргыг нь сонгох  зэрэг Улсын Их Хурлын бүтцийн байгууллагуудыг байгуулах, ажиллуулах үйл ажиллагаандаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 9, Хорин гуравдугаар зүйлийн 1,  Хорин дөрөвдүгээр зүйлийн 1, Хорин тавдугаар зүйлийн 4, Тавьдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх  заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож өгөхийг хүсч  дээрх нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагва  иргэдийн  гаргасан ийнхүү өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгах ажлын хүрээнд  Улсын Их Хурлын сонгууль болон Улсын Их Хурлын даргыг сонгохтой холбоотой шаардлагатай дараах баримт бичгийг  холбогдох байгууллагуудаас гаргуулан авч нотлох баримтын хүрээнд шинжлэн судалжээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн дүнг айлтгах тухай шийдвэр /сонгогдсон гишүүдийн нэрсээр/, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сонгуулийн хорооны шийдвэр зэрэг баримт бичгийг, Улсын Их Хурлын Тамгын газраас 2012 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Их Хурлын анхдугаар чуулганы Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэлийн даргалсан хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, шийдвэр, 2012 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Их Хурлын анхдугаар чуулганы Улсын Их Хурлын гишүүн Л.Цогийн даргалсан хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, шийдвэр; 2012 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаануудад ирсэн гишүүдийн ирцийн бүртгэл нэрс  /өвчтэй болон өвчтэй хүн асарсан, гадаад дотоод томилолтоор явсан, хурал семинарт оролцох зайлшгүй шаардлагатай байсан зэрэг  хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд оролцоогүй болон тасалсан гишүүдийн тухай/; Улсын Их Хурлын гишүүн З.Энхболдод  Н.Энхболдоос хүргүүлсэн бичгүүд, мөн гишүүн Н.Энхболдод  хүргүүлсэн 2012  оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1/378 тоот, 8 дугаар сарын 1-ний өдрийн 1/398 тоот бичгүүд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, С.Дэмбэрэл нараас “Улсын Их Хурал дахь намын бүлэг байгуулах” асуудлаар өргөн барьсан хуулийн төсөл  зэрэг баримт бичгүүдийг ирүүлсэн байна.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товлон зарлаж 2012 оны долдугаар сарын  6-ны өдөр нэгдсэн хуралдааныг эхлүүлэн явуулж Улсын Их Хурлын сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооноос айлтгаснаар Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Ардын намаас 25, Ардчилсан намаас 31, “Иргэний Зориг-Ногоон нам”-аас 2, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, бие даан нэр дэвшсэн 3 хүн, нийт 72 гишүүн тангараг өргөн, “Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоолыг гаргасан болох нь Сонгуулийн ерөнхий хорооны  Ерөнхийлөгчид айлтган мэдүүлсэн “Улсын Их Хурлын сонгуулийн дүнг айлтгах тухай” тогтоол, Улсын Их Хурлын чуулганы тогтоол, хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байгааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагва тогтоолдоо дурьджээ.

Мөн Улсын Их Хурлын даргыг сонгох тухай 02 дугаар тогтоолыг гаргасан 2012 оны долдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанд төрийн сүлдэнд тангараг өргөж,  Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 72 гишүүнээс 42 гишүүн оролцож, 60,9 хувийн ирцтэйгээр хуралдааныг явуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байх тул тус хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6,  Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасны дагуу явагдсан гэж үзэх үндэслэлтэй  байна гэж тэрээр үзжээ.

Түүнчлэн нэгэнт хуульд заасан Улсын Их Хурлын хуралдааны ирц бүрдсэн тул тус хуралдааныг төрийн үйл ажиллагаа тогтвортой, тасралтгүй үргэлжлэх Үндсэн хуулийн шаардлагыг иш үндэс болгон хамгийн ахмад гишүүн болох Улсын Их Хурлын гишүүн Л.Цогоор удирдуулан явуулсан, Улсын Их хурал дахь олонхийг зөвшилцөн бүрдүүлсэн АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, “Иргэний Зориг-Ногоон намаас нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболдыг тус хуралдааны дийлэнх олонхийн саналаар Улсын Их Хурлын даргаар сонгосон зэрэг нь Улсын Их Хурлын тогтоол, хуралдааны тэмдэглэл, гишүүдийн ирцийн дэлгэрэнгүй бүртгэл гэх мэт нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй байгааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн тогтоолдоо тэмдэглэсэн байна.

Тэрээр цааш нь, Нэр бүхий иргэдийн  өргөдөл мэдээлэлд дурдсан, Улсын Их Хурлын нам эвслийн бүлэг байгуулах гэх мэт зарим шаардлага нь Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн  1 дэх хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдэх асуудал юм. Улсын Их Хурлын гишүүн  Ц.Цолмон, С.Дэмбэрэл нараас бүрэн эрхийнхээ хүрээнд “Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах” хуулийн төсөл өргөн барьснаар Улсын Их Хурал дахь намын бүлэг байгуулах асуудлыг Их Хурлын эрх мэдэлд хамаарах асуудал болгож байна. Иймд өргөдөл гаргагч нарын хувьд дээрх асуудлаа холбогдох эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх  эрх нь нээлттэй юм.

Улсын Их Хурлын 2012 оны долдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын даргыг сонгох тухай 02 тоот тогтоол гаргасныг  Үндсэн хуулийн эрх зүйн зөрчил гэж үзэх боломжгүй  байна” гэжээ.

Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагва Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн иргэн Б.Лхагважав, Ж.Батсуурь, Ш.Раднаасэд, Д.Банзрагч, Ө.Ганхуяг, Ч.Гомбосүрэн, Х.Чойжилжав нарын гаргасан өргөдөл, мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа.

     Харин ийнхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Үндсэн хуулийн цэцэд дахин хандаж гомдол гаргах эрхтэй болохыг  тэрээр тогтоолдоо дурьджээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

2012 оны 10 дугаар сарын 4
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж