УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл дотор хүчний харьцааны шилжилт үүсээд байна. Эрхэм гишүүн Ц.Цолмон МҮАН-аас гарч МАХН-д элссэн нь ялимгүй жижиг хэрэг мэт боловч эвсэл дотроо хүчний харьцааны өөрчлөлтөд хүргэжээ.
УИХ дахь эвсэл дотроо МҮАН зургаа, МАХН таван гишүүнтэй байсан юм. Гэтэл Ц.Цолмон МАХН руу орсноор МҮАН тав, МАХН зургаан гишүүнтэй болж, эвсэл дотроо илүү эрх мэдэлтэй МАХН-ын хүч зузаарч байгаа юм. МАХН-ын гишүүд Ц.Цолмонг орж ирсэнд талархаж байгаа бол МҮАН-ынхан намынх нь квотоор жагсаалтад багтан УИХ-д сонгогдчихоод орхиод гарсан журмын нөхөртөө гомдолтой байгаагаа илэрхийлж байгаа билээ. “Хэрэв Ц.Цолмон анхнаасаа МАХН-д байсан бол яг Ц.Оюунбаатар шиг аль ч үгүй парламентын гадна байх байсан. МҮАН-ын гишүүн тулдаа квотоор жагсаалтад орж тангараг өргөчихөөд нуруугаа харуулсан” хэмээн хэдийгээр нэг эвсэл ч МҮАН-ынхан гомдолтой байгаа юм байна.
Д.ОЮУН