Жүдо бөхийн Зүүн Азийн АШТ Монголд болно

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн Зүүн Азийн АШТ Монголд болно

Тайванийн Тайпей хотноо аравдугаар сарын 2-3-нд болсон “Taipei Open” жүдо бөхийн олон улсын тэмцээнээс Монголын жүдочид нэг алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртлээ. Ази тивийн залуучууд болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн оролцсон жүдочид тэмцээний дараа хамтарсан бэлтгэл хийж, залгуулаад нээлттэй тэмцээнд зодогложээ. Ингээд эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Л.Отгонбаатар /Аврагч/ алт, 60 кг-д М.Отгон-Эрдэнэ /Тэмүүжин/, +100 кг-ын жинд У.Дүүрэнбаяр /СХД/ нар мөнгө, 73 кг-д Г.Балсанлхүндэв /Хангарьд/, 81 кг-д Г.Алтанбагана /Женко/, эмэгтэйчүүдийн 52 кг-д Т.Мөнхжаргал /СХД/, 57 кг-д Ц.Хулан /Тэмүүжин/, -78 кг-д Э.Хандармаа /Женко/ нар хүрэл медалийн эзэд болсон байна. Дээрх амжилтаар багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ. Тамирчид Ц.Шийрэв, Д.Алтантуяа, З.Сүхчулуун нарын дасгалжуулагчдын удирдлага дор тэмцээнд оролцсон байна. Түүнчлэн олон улсын шүүгч Б.Болорцацрал шүүх бүрэлдэхүүн багтан ажиллажээ.   
Мөн тэмцээний үеэр Азийн жүдо бөхийн холбоо хуралдсан байна. Тус хуралд Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат оролцож, Монгол Улсад 2014 оны жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчлийн 2014 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах саналыг Азийн жүдо бөхийн холбоонд гардуулсан байна.


С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж