Ц.Цолмон: МАХН-аас санал тавьсан

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Ц.Цолмон: МАХН-аас санал тавьсан

УИХ-ын гишүүн Ц.Цолмон энэ сарын 2-нд буюу өнгөрсөн мягмар гаригт МҮАН-аас гарч, МАХН-д элссэн. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Та МҮАН-аас гараад МАХН-д орчихлоо. Ямар учраас ийм шийдвэр гаргав. Намын батлахаа авчихсан уу?

-Намын батлахаа авсан. Ер нь яагаад МҮАН-ын гишүүн МАХН-д орж болохгүй гэж. Энэ бол монголчуудын муу зан юм л даа. Одоогоос 5-6 сарын өмнө л МАХН-МҮАН гэсэн хоёр нам хоёулаа засагт байгаагүй. Тиймдээ ч хоёулаа биендээ хэрэгтэй гээд эвсэл байгуулж, сонгуульд оролцсон. Тэгээд сонгуулийн үр дүнгээр хоёулаа засаг төрийг барилцаад явж байна. Бодит байдлыг харахад өнөөдөр МАХН МҮАН-аа үгүйсгэж голдог, МҮАН МАХН-аа үгүйсгэж голдог байдал байна. Ийм л процесс явагдаж байна. Тиймээс хувийн эрх ашгаа орхиод монголынхоо төлөө нэгдэх ёстой гэсэн саналыг би тавьсан байгаа. Би улстөрийн хоёр хүчин нэгдэж, нэг хүчтэй улстөрийн хүчин байгуулаасай гэсэн үндсэн дээр МАХН руу нэгдсэн. Тиймээс МҮАН-ын гишүүн МАХН-д орж болдогийг, ороод ямар байдгийг өөрийнхөө амьдрал дээр үзүүлье. Мөн Ц.Цолмон гэдэг хүн МАХН-д элссэн нь хоёр намын нэгдэх эхлэл байгаасай гэж бодож байна.

-Хоёр нам нэгдээсэй гэж байна. Тэгвэл яагаад МАХН-аас МҮАН руу байж болохгүй гэж?

-Хоёр нам ямар хэлбэрээр нэгдэх нь тийм чухал биш. Миний хувьд энэ хоёр намыг нэгтгэж, улс төрийн хүчтэй хүчин болгохыг хүсч байгаа. Зарим хүн намайг МАХН-аас албан тушаал горьдож элсэж байна гэж харж байх шиг байна. Тийм зүйл байхгүй.

-Тэгвэл МАХН-аас танд хүсэлт тавьсан уу?

-МАХН-аас хүсэлт байсан.

-МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан уу?

-Н.Энхбаяр даргыг шоронд бас эмнэлэгт байхад нь хүн чанарын үүднээс хоёр удаа уулзаж эргэсэн.

-Таны энэ шийдвэрийг намын удирдлага хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэ бол саяхан гаргасан шийдвэр биш. Тиймээс М.Энхсайхан дарга миний саналыг хүндэтгэж байгаа.

-Таны намаас гарсныг М.Энхсайхан даргын Н.Энхбаяртай холбоотой өгсөн ярилцлагатай холбоотой гэх хүн олон байна?

-Цаг хугацааны хувьд холбоотой л болж таарлаа. Гэхдээ би УИХ-ын сонгуулийн өмнө л хоёр намыг нэгтгэх санал тавьж байсан. Тэр л үзэл бодлоо хэрэгжүүлсэн.

-Харин намын нөхөд тань хэрхэн хүлээж авч байна. Жишээлбэл, Г.Уянга, Д.Батцогт нар?

-Цаг хугацааны хувьд ч, зарчмын хувьд ч янз бүрээр харж байна. Зарчмын хувьд дэмжиж байгаа нөхдүүд байна. Харин цаг хугацааны хувьд тохиромжгүй үе байлаа гэх хүн ч байна. Гэхдээ бид энэ талаар дэлгэрэнгүй ярилцаагүй байна. Ер нь “Орон нутгийн сонгуулийн дараа МАХН-д орохгүй яасан юм” гэж зарим хүмүүс хэлж л байна лээ. Гэхдээ би энэ шийдвэрийг саяхан гаргачихаагүй шүү дээ.

-Ер нь таны араас МҮАН-аас МАХН руу элсэх хүн байгаа юу?

-Миний зүгээс МАХН МҮАН нэгдээсэй гэдгээ уриалсаар байх болно. Харин хэн, хэзээ, яаж, ямар алхам хийх нь хувь хүмүүсийн өөрсдийнх нь алхам, сонголт.

-Та МҮАН-ын нэрээр намын жагсаалтад багтсан. Тэгээд УИХ-ын гишүүн болсон. Тийм байж, МАХН-д орж байгаа нь олон хүний эгдүүцлийг хүргэж байх шиг байна?

-Би намын жагсаалт гэхээс илүүтэйгээр эвслийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон.

-Орон нутгийн сонгуульд МАХН тусдаа орно гээд байгаа. Энэ нь “Шударга ёс” задрахын эхлэл үү?

-Би бол тэгэж бодохгүй байна. Орон нутгийн сонгуульд тусдаа орж байгаа нь өөрсдийнхөө улс төрийн хэм хэмжээг шалгах гэсэн оролдлого гэж би ойлгож байгаа. Орон нутгийн сонгуулиар хэн нь хэн бэ гэдгээ харуулна. Цаашид сонгуулийн дараа хоёр нам нэгдэх үйл явц эрчимтэй байх гэж дүгнэж байна. Тиймээс  “Шударга ёс” эвсэл задрахгүй байх.

-Эвсэл задрахгүй байх гэрээг хэдэн жилийн хугацаатай хийсэн байдаг вэ?

-Дөрвөн жилийн гэрээ хийсэн. Эвсэл задрах нэг нөхцөл бол аль нэг нам нь эвслээс гарахад задарч болно. Түүнээс биш хоёр нам нэгдэхэд эвсэл задрана гэсэн заалт байхгүй. Үүнээс харахад сонгуулийн өмнөх эвсэл, сонгуулийн дараах эвсэл гэсэн хоёр эвсэл байна. Харин “Шударга ёс” эвслийн хувьд сонгуулийн хугацаа дууссан ч нэг байгууллага шиг ажиллаж л байсан.

-Эвслийн удирдлагууд ер нь хоёр нам нэгдэх нөхцөл байхгүй гэж үзээд байгаа?

-Би бодохдоо хоёр нам нэгдэхэд эвслийн байдал өөрчлөгдөхгүй. Бичиг цаасандаа өөрчлөлт оруулах шаардлага гарвал өөрчилж болно гэж бодож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж