Эмийн үнэ нэмэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Эмийн үнэ нэмэгдсээр байна

Манайхан өвдөхөөрөө л эмнэлэгт үзүүлдэг. Зарим нь үзүүлэхээс тээршаан эмийг юун түрүүнд хэрэг­лэдэг. Энэ муу биш хэдий ч уг нь бол оршин суугаа хорооныхоо эмнэлэгт үзүүлж эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмийн сангаар үйлчлүүлэх нь чухал баймаар. Гэтэл хэрэглэж буй эмээ хугацаа болон тун, заавар гээчийн зүйлийг ч асуулгүй өөртөө онош тавьж өвчнөө намдаагаад сурчихсан. Үүнээс болж эмийн хордлогод орсон тохиолдол цөөнгүй байдаг. Харин сүүлийн үед иргэд эмийн үнэ өсч буй талаар ярьж байна. Чухам эмийн үнэ юунаас болоод өсч байгааг хэн ч тодруулдаггүй. Орох болгонд өөрчлөгдөж буй эмийн үнийг хэн нэмээд байна вэ. Өвддөггүй хүн гэж үгүй. Бүгд л дээр дурьдсанчлан хамгийн түрүүнд эмийн санг зорьдог. Тэгвэл эмийн санчид хэрэглэгчдээ шулж байгаа юм биш биз гэсэн бодол тээсээр эм ханган нийлүүлдэг бөөний төвүүдэд очиж эмийн үнийн талаар сурвалжиллаа. “Бөмбөгөр” худал­дааны төвийн ард байрлах эм ханган нийлүүлэх байгууллагууд дурын үнээр худалддаг. Иргэдийн хамгийн их хэрэглэдэг эмийг сон­гож үнийг нь лавласан юм. “Омбол” эм ханган нийлүүлэх төвд диклоденк буюу өвчин намдаах эм 3300 төгрөгийн үнэтэй байсан юм. Дараагийн бөөний төв болох “MONFA”, “Цомбо”, “Мөнхийн тун” гэх мэт газраар орвол диклоденк хэмээх эм 3500, 2500, 3000 гэх мэтээр орсон газруудад харилцан адилгүй үнэтэй байв. Аналгин буюу толгойны эмийг иргэд түлхүү хэрэглэдэг. Үнийн хувьд 300, 400, 200, 250 гэх мэтчилэн мөн адил өөр өөр байв. Ханиад хүрсэн хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг эм бол MAXIGRIP. Үүнийг орсон эмийн сан бүрээс үйлчлүүлэгчид сураглаж байсан юм. Үнийн хувьд мөн адил зөрүүтэй байлаа. Тухайлбал 400, 450, 300, 450 гэх мэтчилэн. Харин хотын төвийн зам дагуух эмийн санд ортол дээрх эмүүдийн үнэ бөөний төвөөс 100-300 төгрөгөөр илүү байлаа. Хүн болгон бөөний төвд очиж эм авдаггүй. Гэр эсвэл ажлынхаа ойролцоо эмийн сангаас л авчихдаг.
“MONFA” эмийн бөөний төвийн эмийн санчаас үнийн талаар тодруулсан юм.

-Эмийн үнэ өмнөх жилээс хэр их нэмэгдсэн бэ. Нэмэгдсэн бол ямар шалтгаанаар үнэ нэмсэн бэ?

-Нэмэгдсэн. Юунаас болж нэмэгдэж байгааг нь мэдэхгүй ээ. Цаанаасаа л нэмэгдээд байна. Бодвол шатахууны үнээс шалтгаалсан байх.

Дээрх хариултыг эмийн худалдаа хийж буй эмийн санчид нэг жишгээр хариулж байлаа. Шатахуун нэмэгдэхээр юм болгоны үнэ нэмэгддэг гэсэн хандлага хаа сайгүй яригддаг. Тэгвэл эмэнд хүртэл нөлөөлнө гэсэн үг биш биз дээ. Нөгөө л хэлдгээрээ “цаанаасаа л ингэж ирсэн” гэдэг үгийг орсон газар болгон хэлж байх юм. Эмэнд мөнгө татах хэрэггүй гэж ярьдаг. Үүнийг сонссон эмийн санчид үнэндээ өөрчлөлт оруулсан байж ч болох.

“Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо явж байсан өндөр настан Б.Ренчингээс эмийн үнийн талаар сонирхлоо. Тэрбээр одоо 88 настай юм байна.

-Та эмээ хаанаас авдаг вэ. Ихэвчлэн ямар эм хэрэглэдэг юм бэ?

-Эмээ нь хөлний өвчтэй. Өвчнөө мартах гэж өдөрт нэг диклоденк уудаг. Гэрийнхээ хажууд байдаг эмийн сангаас 10 ширхэгийг нь 3800 төгрөгөөр авдаг.

-Энэ эмийг хэр удаан хэрэглэж байна. Өмнө нь хэдээр авдаг байсан юм бэ?

-Гурван жил гаруй хэрэглэж байна. Хоёр жилийн өмнө 2500 төгрөгөөр авдаг байсан. Энэ жилийн цагаан сарын үеэр 3000 байсан. Харин сүүлд 3500-3800 төгрөг болсон байна. Яагаад ингэж огцом нэмэгддэг юм бүү мэд. Над шиг өдөрт нэг ширхэгийг хэрэглэдэг хүнд хэцүү л юм.

Дээрх настан шиг өдөр болгон тогтсон эм хэрэглэдэг иргэдэд эмийн үнэ чухал нөлөө үзүүлж байна. Тэгвэл хаанаас хэрхэн нэмэгдсэн нь мэдэгдэхгүй байгааг хэн мэдэх вэ. Үүнийг хариуцсан тусгай албаныханд сануулахад цаанаасаа ингэж нэмээд байна уу, эмийн санчид дур мэдэн нэмээд байна уу гэдгийг хянаж үзэх хэрэгтэй биз ээ.

Ч.Сувдаа
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж