“Инфляцийг ганц удаа нэг оронтой тоонд барьсан”

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

“Инфляцийг ганц удаа нэг оронтой тоонд барьсан”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр хамгийн сөрөг байр суурьтай байсан гишүүн нь парламент дахь ИЗНН-ын төлөөлөл, эрхэм гишүүн С.Дэмбэрэл байв. Сэтгүүлчид байнгын хорооны хуралдааны дараа түүний байр суурийг сонслоо.

-Монголчуудын ихэнх нь зээлтэй. Зээлийн хүү өндөр. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр юуг анхаарах хэрэгтэй гэж та үздэг вэ?

-Ард түмэн, бизнес эрхлэгчид санхүүгийн аятайхан орчинд амьдармаар байгаа. Тэд зээлийн хүүг буулгаж өгөөч гэсэн асуудлыг байнга тавьдаг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахдаа УИХ зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж буулгана гэсэн. Тэгэхдээ 2013-2016 онд буулгана гэж оруулсан. Гэтэл Төв банк яг л урьдын адил инфляцийг нэг оронтой тоонд оруулчихад л зээлийн хүү буурчихна гэж үзэж байна. Инфляцийг нэг оронтой тоонд оруулсан ч гэсэн зээлийн хүүд чиглэсэн тодорхой бодлого хэрэгжүүлэхгүй бол болохгүй.

Төв банк бодит секторыг дэмжинэ гэсэн байдлаар үүнийг томъёолж байна. Энэ нь учир дутагдалтай. Дээр нь Банкны холбооны саналыг авсангүй. Санхүүгийн зах зээлийн бусад операторууд болох банк бус санхүүгийн байгууллагуудын саналыг аваагүй. Уг нь төр ард түмнээ сонсдог болно гээд байгаа хэрнээ УИХ-ын харьяалалд байдаг нэг байгууллага нь бусдынхаа саналыг сонсохгүйгээр худлаа яриад байх юм.

-Төв банкнаас Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг тогтмол ажиллуулах санал гаргаж байна. Энэ хэр оновчтой шийдэл вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт санхүүгийн секторт эдийн засгийн шинэчлэл хийнэ. Үүнийг хийхдээ эдийн засгийн оролцоотой өсөлт, жижиг дунд бизнесийг дэмжих замаар санхүүгийн зах зээл дээрх бусад операторууд болох даатгал, зээлийн батлан даалт зэрэг үйл ажиллагааг хөгжүүлнэ гэсэн заалт бий. Гэхдээ төв банкныхан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг тогтмол ажиллагаанд оруулъя гэж оруулж ирсэн. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлыг тодорхой болгож өгөх шаардлагатай хэвээр байна. Улирал, хагас жилээр нь тайлагнах байдлаар заагаад өгч болно.

-Мөнгөний бодлогыг зөв голдиролд оруулахын тулд нэн тэргүүнд юу хийх хэрэгтэй вэ?

-Банкны секторт өрсөлдөөнийг өрнүүлэх замаар хямд эх үүсвэрээс хөрөнгийг татан авч, арилжааны банкуудаа дахин санхүүжүүлэх байдлаар ажилламаар байна. Зөвхөн бодлогын хүүг дээш, доош болгох замаар ажилламааргүй байна. Ингэснээр арилжааны банкууд хадгаламжийн төлөө бус зээлийн хүүгээ бууруулахын төлөөх өрсөлдөөнд орно. Үүнийг хэрэгжүүлэх санхүүгийн орчныг бүрдүүлэх нь Төв банкны үүрэг. Төв банк үнэхээр бодит секторыг дэмжье гэвэл ингэж ажиллана. Үгүй гэвэл өнгөрсөн жилүүдэд ажиллаж байсан шигээ байж, инфляцийг нэг оронтой тоонд барих гэж оролдоно. Мэдээж жилийн эцэст тэр нь худлаа болно.

-Та инфляцийг нэг оронтой тоонд барих бодлого хэрэгжихгүй гэж ямар үндэслэлээр үзэж байгаа бол?

-Инфляцийг нэг оронтой тоонд барих гэсэн оролдлого биелсэн жил ганц л байгаа байх. 2006 онд байна уу даа. Жилийн эхэнд нэг оронтой тоонд барина л гэдэг. Жилийн эцэст хоёр оронтой тоондоо л байдаг. Энэ жил ч байдал давтагдана. Тэгээд олон жил тогтчихсон мөнгөний бодлогын ар талд зах зээлд оролцогчдын зан төлвийг удирдах гэж оролддог. Иргэдийн хийх үйлдлийг удирддаг юм. Үүний дохио болгож эдийн засгаас мөнгө татдаг. Ингэхээр л үнэ буурчихдаг гэж ойлгодог. Гэтэл үнэ, нийлүүлэлтийн хүчин зүйл бүх зүйлээс хамаарна. Үүнийг мэдээж Засгийн газар хийнэ. Харин Төв банк эрэлтийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажиллагааг банкны үйл ажиллагаагаар дэмжих ёстой юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж