“Алтан ураг” бүжгэн жүжиг дахин тайзнаа

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

“Алтан ураг” бүжгэн жүжиг дахин тайзнаа

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгийн уран бүтээлчид  “Алтан ураг” бүжгэн жүжгийг тайзнаа дахин амилуулахаар болжээ. Чуулгийн уран бүтээлчид тус жүжгийг 1996 онд анх тайзнаа тавьж байсан ч 2000 оноос хойш дахин тоглоогүй юм. Харин энэ жил Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан анх тайзнаа сэргээн тавихаар бэлтгэл ажилдаа оржээ. Тиймээс тус бүжгэн жүжиг энэ сарын 13, 14-нд УДБЭЧ-ийн тайзнаа дахин амилах гэж байна.

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын хөгжим уг бүжгэн жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болгох юм. “Алтан ураг” бүжгэн жүжгийн гол дүр Тэмүүжинд бүжиг дэглээч Х.Хашхүү, Жамухат бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан А.Даваахүү, Бөртэд Н.Мөрөн, Тоорил хаанд Д.Эрхбилгүүн, Хуагчин хатанд Гавьяат жүжигчин Ш.Одонтуяа, Билгүүдэйд Э.Ганзориг, Дармаалаад Соёлын тэргүүний ажилтан, бүжигчин А.Батхүү нар тоглох юм байна.

“Алтан ураг” бүжгэн жүжгийг Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэн бүтээсэн ба  Тэмүүжин анд Жамуха эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан  Бөртийг буцаан авч, Их Монгол улсаа байгуулсан хүртэлх үйл явдлыг бүжгийн хэлээр илэрхийлжээ. Уг бүжгэн жүжиг нь ардын бүжгэн дээр тулгуурлаж, бүжгэн жүжгийн үндсэн  хэлбэрээр хийсэн  хоёр дахь томоохон бүтээл аж.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж