Дэлхий яагаад сөнөхгүй вэ?

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Дэлхий яагаад сөнөхгүй вэ?

Сүүлийн үед дэлхий сөнөх тухай дам яриа газар авч, янз бүрийн таамаг, баримтыг дэлгэснээс болж багагүй маргаан гарах болжээ. Энэ тухай  цуурхал Монголд төдийгүй дэлхийн олон оронд тархаж, ард иргэд түгших болсон байна.

Өчигдөрхөн Монголын одон орон судлаач, эрдэмтэд  дэлхий дээр ямар нэгэн сөрөг үзэгдэл болохгүй тухай албан ёсоор мэдээлэл хийсэн байгаа. Харин Америкийн сансар судлалын “НАСА” агентлагийн эрдэмтэд дээрх цуурхлын талаар сэтгүүлчдэд юу ярьсныг толилуулъя.

-Ихэнхи интернэт сайтууд 2012 оны арванхоёрдугаар сард дэлхий сөнөнө гэж бичиж байна. Үнэхээр 2012 онд дэлхийд аюул занал учруулах ямар нэгэн зүйл байна уу?

-2012 он буюу энэ онд дэлхийд аюул занал учруулах ямар ч муу юм болохгүй. Түүнчлэн манай дэлхийд ирэх дөрвөн тэрбум жилд ч ийм аюул учрахгүй. Тиймээс бүх юм зүгээр. Дэлхийн олонхи эрдэмтэд 2012 онд дэлхий сөнөхгүй гэдэгт итгэлтэй байгаа.

-Тэгвэл дэлхий сөнөх тухай таамаглал юунаас эхтэй юм бэ?

-Энэхүү таамаглал эртний зөгнөлт үлгэр домгуудаас улбаатай. Эртний улсуудын үлгэр домогт манай дэлхий Nibiru, Planet X гэж нэрлэгдсэн гаригуудтай мөргөлдөж сөнөнө гэсэн зөгнөл байдаг. Харин ийм үлгэр домог үнэн байсан бол манай дэлхий  2012 онд биш үүнээс ч өмнө хэд хэдэн удаа өөр гаригуудтай мөргөлдөж, аль хэдийнэ сөнөх байсан. Тиймээс энэ 2012 онд дэлхий маань ямарч гаригтай мөргөлдөхгүй. Үүнээс гадна Маяачуудын он тооллын хуанли 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр хүрээд дуусаж байгааг дэлхий сөнөхтэй холбосон байдаг. 

-Маяагийн он тооллын хуанли үнэхээр 2012 оны арванхоёрдугаар сард дуусах уу?

-Маяачуудын хуанли бидний хэрэглэдэг хуанлигаас ялгарах зүйлгүй шүү дээ. Бидний хэрэглэдэг хуанли нэг бүтэн жилийг тоолж явсаар арванхоёрдугаар сарын 31 гээд дуусч, шинэ оны хуанли нэгдүгээр сараас дахиад эхэлдэг. Мөн бид жилийг зуунаар багцалж тоолдог бөгөөд өдгөө 20-р зуун дуусч, 21-р зуун гарсан. Маяагийн хуанли ч үүнтэй адил эхлэл төгсгөлтэй. Гэхдээ Маяагийн хуанли  биднийхээс арай өөр 5125 жилийг нэг нарны эрин гэж үздэг бөгөөд 2012 оны арван хоёрдугаар сарын 21-нд дөрөвдүгээр нарны эрин нь  дуусч, тавдугаар нарны эрин эхлэх юм. 

-Хүмүүс 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд гаригууд нэг эгнээнд жагсана гэж ярих болсон. Энэ нь дэлхийд яаж нөлөөлөх вэ?

-Ирэх арван жилд нарны аймгийн гаригууд бүгд нэг эгнээнд зэрэгцэхгүй. Мөн дэлхий  2012 онд галактикийн хавтгайг  хөндлөн гарахгүй. Гаригууд нэг эгнээнд зэрэгцдэг юм аа гэхэд дэлхийд маш багаар нөлөөлнө. Харин жил бүрийн  арванхоёрдугаар сард дэлхий болон нар галактикийн сүүн замын тэнхлэгтэй  дэвхцдаг боловч  дэлхийд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй.

-Огторгүй ертөнцөд дэлхийг мөргөж сөнөөх Nibiru, Planet X, Eris гэдэг гариг байдаг юм уу?

-Nibiru, Planet X,  гэх мэт гаригууд бол зохиомлоор бий болгосон зүйл. Огторгуй ертөнцөд ийм гариг огт байхгүй. Хэрэв ийм  гариг байгаад, 2012 онд дэлхийтэй мөргөлдөхөөр байгаа бол одон орончид бид хамгийн багадаа арван жилийн өмнөөс үүнийг илрүүлж, уг гариг нь энгийн нүдэнд харагдах хэмжээгээр дэлхийд  ойртон ирэх юм. Харин Eris хэмэх гариг бий боловч өөр нарны аймагт хамаардаг. Энэ гариг нь дэлхийд хамгийн ойрдоо 6.4 тэрбум км зайтай зөрж өнгөрдөг учраас дэлхийтэй хэзээ ч мөргөлдөхгүй.

-Дэлхийн туйлууд өөрчлөгдөх тухай онол байдаг уу? Дэлхийн гадарга богино хугацаанд 180 градус эргэнэ гэдэг үнэн үү?

-Дэлхийн туйлууд өөрчлөгдөнө гэсэн ойлголт байхгүй. Мөн дэлхийн гадарга богино хугацаанд 180 градус эргэх боломжгүй. Эх газрууд удаан хугацааны турш аажмаар шилжин хөдөлдөг.  Жишээ нь: Антрактид тив 100 мянган жилийн өмнө  экваторын ойролцоо байрлаж байгаад аажмаар шилжин одоогийн байранд ирсэн.  Харин соронзон орны шилжилт  400 мянган жилийн хугацаагаар  үргэлжлэн явагддаг. Гэхдээ энэ нь  дэлхий дээрх амьдралыг  сүйрэлд хүрэх хэмжээний нөлөө үзүүлдэггүй.  Тэгээд ч соронзон орны мэдэгдэхүйц шилжилт хамгийн ойрдоо хэдэн мянган жилийн дараа  болно.

-Дэлхийд солирын бороо орох уу?

-Манай дэлхий дээр солир болон жижиг солирын хэлтэрхий цөөнгүй унадаг. Гэхдээ тэдгээр нь дэлхийг сөнөөх хэмжээний байдаггүй. Дэлхий дээр урьд нь динозаврууд амьдарч байх үед буюу 65 сая жилийн өмнө томоохон солирын бороо орж байсан. Үүний улмаас динозаврууд бүрэн устсан. Харин 2012 онд динозавруудыг устгасан шиг хэмжээний томоохон солирын бороо орох магадлал байхгүй. НАСА-гаас өдөр болгон сансар огторгуй, гариг ертөнцийн зургийг авч байдаг учраас ийм зүйл ажиглагдсан даруй эрдэмтэд мэдээлэл хийнэ.

-2012 онд наран дээр дэлхийд аюул учруулах асар том шуурга болох уу?

-Нарны идэвхижилийн улмаас наран дээр шуурга болдог. Энэхүү нарны идэвхижил тогтмол хугацаанд  адил давтамжтай явагддаг. Хамгийн өндөр идэвхижил  ойролцоогоор 11 жилд нэг удаа тохиолддог. Өндөр идэвхижлийн үед зарим тохиолдолд хиймэл  дагуулын холбоо тасрах  зэрэг үзэгдэл ажиглагддаг боловч дэлхийн хүн амьтдад  мэдэгдэхүйц хэмжээгээр  нөлөөлөөд байдаггүй. Нарны дараачийн өндөр идэвхижил  2012-2014 оны хооронд тохиох боловч дэлхийг сүйрэлд хүргэх хэмжээнд нөлөөлөхгүй.

-НАСА-гийн эрдэмтэд дэлхий сөнөхгүй гэдгийг баталж байна уу?

-Тиймээ.  Дэлхий сөнөх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй ямар ч баримт, нотолгоо байхгүй. Энэ тухай зөвхөн үлгэр домог, кино, интернэт, дам ярианд л бий.

Орчуулсан: Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж