Германы мөрөөдлийн өдөр

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Германы мөрөөдлийн өдөр

Хэдэн сарын хүндхэн хэлэлцээр дараа 1990 оны аравдугаар сарын 3-нд шилжих шөнө германчууд улс орноо нэгтгэсний баярыг тэмдэглэсэн билээ.  Ийм өдөр ирнэ гэж немцүүд өмнө нь мөрөөдөж ч чадахгүй байв.

Рейхстагийн байшинг асар сүрлэг ёслолын буудлагын гэрэл гэрэлтүүлж, Берлиний төвд цугларсан олон баярын нулимстай байлаа. Тэд түүхэн томоон үйл явдлын гэрч болсон юм. Герман нэгдэн нийлэх өдөр ирнэ гэдэгт итгэл алдраад байсан немцүүд энэ өдрийг мөрөөдөж ч чадахгүй байсан биз ээ.

Берлиний ханыг нураасан өдөр

1989 онд эхэлсэн тайван хувьсгалаар Зүүн Германы немцүүд социалист дэглэмээ унагалаа. Улсын удирдагчид нь тушаалаасаа буув. Энэ хувьсгалаар буун дуу гараагүй, нэг ч хүн хэлмэгдээгүй билээ. БНАГУ тэр өдрийн аравдугаар сарын 3-нд ХБНГУ-тай нэгдэв. Энэ өдрөөс германчууд нэгэн улс болон нэгдсэн юм.

Холбооны ерөнхийлөгч Рихард фон Вайцзеккер (Richard von Weizsдcker) тэр шөнийн галын наадмын өмнө үг хэлэхдээ Германы нэгдэл ба нийт Европын эв нэгдлийг тодотгон “Бид немцүүд өөрсдийнхөө хариуцлагыг бүрэн ухаарч байна. Бид нэгдсэн Европын энхийн үйлст хүчин зүтгэнэ” гэж мэдэгдлээ.

Улстөрчдөд унтах зав байсангүй

Тэр үед Холбооны канцлерийн захиргааны албыг толгойлж байсан Рудольф Зайтерс (Rudolf Seiters) 12 сарын турш канцлер Гельмут Колийг (Helmut Kohl) олон тооны арга хэмжээ, үйл явдлуудад дагалдан явсан хүн. Герман нэгдэхийн урьд шөнө тэрээр дуг хийсэнгүй.

"Прага дахь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд орогносон зүүний немцүүдийг баруунд гарахыг зөвшөөрсөн хэлэлцээр, дараа нь Прага дахь Элчин сайдын яамны тагтнаас Ганс-Дитрих Геншерийн (Hans-Dietrich Genscher) үг хэлснийг би дурсан санаж байна. Берлинийн ханыг нураасан тухай бундестагт  миний хэлсэн үг, бас Дрездений Фрауэнкирх сүмийн өмнө Гельмут Колийн ер бусын чухал үгийг би бас санаж байна” хэмээн Холбооны канцлерийн захиргааны албыг толгойлж байсан тэрээр ярив.

Сэтгэл догдлуулсан 323 хоног

ХБНГУ-ын марк  БНАГУ-д гүйлгээнд орлоо

Берлинийн ханыг нурааснаас хойш дөнгөж 323 хоногийн дараа 1990 оны аравдугаар сарын 3. Хоёр Германы улстөрчид ээдрээтэй хэлэлцээр, чухал шийдвэр гаргасан өдөр. БНАГУ-д засгийн бүтэц маш хурдан өөрчлөгдлөө. 1990 оны гуравдугаар сард сонгогдсон Ардын танхимын депутатууд холбооны улсын бүтцийг батлан бий болгов. Холбооны газар нутгууд (мужууд) барууны бүтцэд нэгдэж болохоор болов.  Үүний зэрэгцээ Аюулаас хамгаалах яамаа ("штази") татан буулгаж, барууны маркийг гүйлгээнд хэрэглэх болов.

Ингэж яарсан нь зөв болсон юм. Зүүн Европт социалист дэглэмүүдийг унагахад чиглэсэн хөдөлгөөн үүсэн тив бүхэлдээ үймж байв. Энд тэндгүй иргэд нь чөлөөтэй шилжилт, улстөрийн шинэчлэлийг шаардаж байв.

Зүүн Европын орнуудад эсэргүүцлийн хөдөлгөөнийг эхлүүлсэн оч нь өөрчлөлт шинэчлэл ба ил тод байдал болсон юм. Тэдний урианууд Зөвлөлтөөс дамжин хөрш орнуудад нь тархлаа. “Түгшүүр айдсыг зөвхөн Москвад ч биш баруунд төрүүлж байсан үйл явдлыг болгоомжтойгоор удирдах л үлдээд байлаа” гэж Рудольф Зайтерс дурслаа.

Болгоомжлол ба үл итгэх хандлага

Гельмут Коль ба Франсуа Миттеран

Хоёр Германыг нэгтгэх гэсэн немцүүдийн хүсэлд Европын нийслэлүүд итгэл муутай хандсан. Хөрш орнууд нь Европын төвд хүчтэй Герман гарч ирэхээс айж байсан юм. Их Британийн ерөнхий сайд Маргарет Тетчер Германы нэгдлийн эсрэг талынхны лагерийг толгойлов. Үүний эсрэг эхлээд Францын ерөнхийлөгч Франсуа Миттеран байсан. Гэхдээ герман улстөрчид нэн түрүүнд Гельмут Коль болон тэдний санааг эргүүлж чаджээ.

ЗХУ-д ч хөрш орнууд дахь хөдөлгөөн нь эсэргүүцлийг төрүүлж байлаа. Хуучин их гүрэн капитализмын эсрэг НАТО-д эсрэг хүч болсон Варшавын гэрээний орнуудад нөлөөгөө улам улмаар алдаж байв. Барууны орнууд ЗХУКН-ын ТХ-ны  Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачевын эсрэг хуйвалдаан гарна гэж айж байв. Чингэвэл Германыг нэгдэхийг Зөвлөлт зөвшөөрөхгүй ч байж магадгүй байлаа.

Гэвч германчуудад аз таарсан юм. Хэрэв нэгдэх үйл явц хожуу эхэлсэн бол байдал өөр болох талтай байв. Дэлхийн олон нийтийн анхаарал Кувейтийг эзэлсэн Ирак руу хандаж байв. Дараагийн жилийн зун нь Зөвлөлтөд төрийн эргэлт хийх оролдлого гарлаа. Хэрэв эдгээр үйл явдлууд өмнө Германы нэгдэл эхэлсэн бол ээдрээтэй болох байсан юм.

Нэгдсэн Германы бундестаг

Олон нийтийн баяр хөөр, ёслолын буудлагаас үлдсэн хог новшийг Берлиний гудамжнуудаас цэвэрлэж амжаагүй байхад БНГАУ-ын Ардын танхимын болон ХБНГУ-ын бундестагийн депутатууд нэгдсэн хуралдаан хийв. Үүнээс хоёр сарын дараа 1932 оноос хойш анхных болох нийт Германы парламентын сонгууль боллоо. Сонгуулиар Гельмут Колийн толгойлсон христийн либерал эвсэл итгэлтэй ялалт байгуулсан юм.

Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж