Д.Оюунхорол: МАН-ын бүлгийг байгуулах ёстой

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол: МАН-ын бүлгийг байгуулах ёстой

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы хугацаанд ямар  асуудалд  анхаарч ажиллах вэ?

-Юуны өмнө УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг байгуулах асуудал бий. 76 гишүүний 25 нь Монгол ардын намаас сонгогдсон. Эдгээр гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч бүлэг байгуулан байнгын хороодод ажиллах боломжийг нь бүрдүүлэх ёстой. Ард түмний 40 хувийн төлөөлөл болсон Монгол ардын намын бүлэг байгуулагдаж, асуудлыг олонхиороо хэлэлцэх боломж бүрдээсэй гэж хүсч байна. Ер нь ард түмэн УИХ-ын гишүүд, төр барьж буй улстөрийн намуудыг зөвшилцөж, хамтран ажилла гэж санал өгсөн. Тиймээс цаашид бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ард түмний саналаар хамгийн олон суудал авсан намууд хамтарч Засгийн газар барих асуудлыг хуульчлах нь зөв гэж бодож байна. Өнөөдөр хамтарсан Засгийн газар байгуулах хууль, эрх зүйн орчин боловсронгуй болоогүй нь  харагдаж байна. Дуртай үедээ хамтарсан Засгийн газар байгуулж болдог, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг ийм тогтолцоо өөрөө буруу юм.
 
Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж олонхийн суудал авсан намууд хамтарч Засгийн газар байгуулдаг байх асуудлыг шийдвэрлэх нь  цаашдын улстөрийн тогтолцоог эрүүл болгох, ард түмний төрд итгэх итгэл найдварыг бэхжүүлнэ. Энэ хуулийн төсөл дээр багагүй хүч, анхаарал тавьж ажиллана. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төсөлд ажиллана.  Бид гэр бүлийн салалт их байгаа тухай ярьдаг ч яаж үүнийг засах талаар шийдэл олж, гарц хайж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Үр хүүхдээ өнчрүүлж, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээсээ зугтдаг хүмүүс олон байна. Үүнийг төр хэрхэн зохицуулж, шийдэх вэ  гэдэг асуудал нийгэмд хүлээлттэй байгаа. Тиймээс Гэр бүлийн тухай шинэ хуулиар хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн өмчийн эзэн байлгах боломжийг нээнэ. Ингэснээр эцэг, эх гэр бүлийн хариуцлагаа ухамсарлана. Уг хуулийн төслийг өнгөрсөн жил УИХ-д өргөн барьсан. Энэ удаагийн парламентад есөн эмэгтэй гишүүн байгаа учраас тэдэнтэйгээ ярьж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж бодож байна.

-Монгол Ардын Намын бүлэг байгуулах асуудал албан ёсоор хэлэлцэх асуудалд ороогүй байна. УИХ-ын Дэгийн тухай хуультай хавсарч хэлэлцэнэ гэж ойлгож болох уу?

-Хавсарч явах байх. Ардчилсан нийгмийн үнэт зүйл бол цөөнхийг хүндэтгэж, дуу хоолойг нь сонсох, нөгөө талаас ард түмний сонголтыг хүндэтгэх явдал. Тиймээс УИХ-ын дарга уг асуудалд уян хатан хандаж Монгол Ардын Намын бүлэг байгуулах асуудлыг шийдвэрлэх байх. Ер нь ардчилсан нийгмийг байгуулсан үнэт зүйлээ уландаа гишгэж, цөөнхийн дуу хоолойг ямар нэг шалтаг, тайлбараар хааж, Үндсэн хуулийн гол заалт, зарчмаа зөрчиж байгааг буруу гэж үзэж байна. Манай нам хүлээцтэй хандаж байгаа. Хуралдаа сууж, оролцож байна. Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж бий. Тиймээс энэ удаагийн чуулганаар бүлэг байгуулах асуудлыг хүссэн ч, хүсээгүй ч шийдвэрлэх ёстой. 

-Монгол ардын намаас Үндсэн хуулийн цэцэд хандсан. Уг асуудал юу болсон бэ?

-Үндсэн хуульд наймаас дээш гишүүнтэй нам бүлэг байгуулах эрхтэй гэж заасан. Уг асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэж, яаралтай шийдвэр гаргах ёстой. Хөх тэнгэрийн дор Цэц байна гэж ойлгодог. Тиймээс Цэцийнхэн ажилдаа хариуцлагатай хандах учиртай. Цэцийн гишүүд өнөөдрийг болтол ажиллахгүй, амраад байгаа нь ойлгомжгүй байна. Бүхэл бүтэн УИХ-ын үйл ажиллагаанд гацаа үүсчихээд байхад шийдвэрлэж чадахгүй байна гэдэг хариуцлагагүй асуудал.

-Өвөрхангайн хоёр гишүүний тангараг өргөх асуудал энэ чуулганы  хугацаанд бас шийдэгдэх ёстой? 

-Дунд шатны шүүхийн шийдвэр гарсан учраас тангараг өргөнө гэж ойлгож байна.

Ж.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж