“Nord Stream” 30-40 хувийн ачааалалтай байна

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

“Nord Stream” 30-40 хувийн ачааалалтай байна

Хий дамжуулах хоолойн эхний шугамаар жилийн дотор есөн тэрбум орчим шоо метр байгалийн хий дамжуулсан гэж Nord Stream (Хойд урсгал) компанийн хэвлэлийн төлөөлөгч Йенс Мюллер ярьжээ. Хийн хоолойн хоёр дахь ээлжийн шугамыг энэ сарын 8-нд нээхээр төлөвлөсөн байна.

Балтийн тэнгисийн  ёроолоор тавьсан Орос-Европын “Хойд урсгал” хийн хоолойн эхний ээлж  11 сарын хугацаанд есөн тэрбум орчим шоо метр байгалийн хийг дамжуулсан гэж “Nord Stream” компанийн хэвлэлийн төлөөлөгч Йенс Мюллер (Jens Muller) DW радиод ярихдаа эрчим хүчний тээврийн шинэ замын ачааалал хүчин чадлынхаа 30-40 хувьд хүрлээ гэв.

Хоолойн хүчин чадал нь 55 тэрбум шоо метр хий

Йенс Мюллер
"Ашиглалтын хугацаа нь 50 жил гэж тогтоогдсон хийн хоолойн эхний шатны энэ ачаалал сайн үзүүлэлт” хэмээн Йенс Мюллер мэдэгдэв. Өнгөрсөн жилийн хугацаанд “Nord Stream” компани хоолойн операторын хувьд “Газпром”-ын нийлүүлсэн хийг бүрэн дамжуулсан гэж тэрээр онцлов. Оросын концерн “Хойд урсгалын” хүчин чадлыг бүрэн хэмжээгээр нь ашиглах захиалга өгсөн учраас компаниудын арилжааны үр нь хоолойгоор дамжсан хийн хэмжээнээс хамаарахгүй гэдгийг тэрээр батлан хэлэв. Nord Stream компанийн хувьцаа эзэмшигчид нь "Газпром", Германы E.on ба BASF компаниуд, Францын GdF Suez ба Голландын Gasunie компани юм.

Жилдээ 27,5 тэрбум шоо метр хий шахах “Хойд урсгал”-ын эхний ээлжийн шугам 2011 оны арваннэгдгээр сарын 8-нд Германы Любмин хотод нээлтээ хийсэн. Тэр үед оросууд Европын хий худалдан авагчидтай жилдээ 22 тэрбум шоо метр хий нийлүүлэх гэрээ хийсэн гэж мэдэгдэж байв. Хийн хоолойн хоёрдугаар ээлж энэ жилийн аравдугаар сарын 8-нд нээгдэнэ. Үүний дараа хийн тээврийн хойд зам нь жилдээ 55 тэрбум шоо метр хий дамжуулах ерөнхий хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж