Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат түүхэн сэдэвт “Аравт” киноны дан хөгжмийн бүтээлээрээ бүрэн хэмжээний тоглолт тавихаар товоо зарлаад байгаа. Урьд нь хөгжмийн зохиолч нь өөрөө оркестроо удирдан киноны бүтээлүүдийг эгшиглүүлж байгаагүй учраас үзэгчдийн дунд хүлээлт үүсээд байгаа билээ. Тэрбээр түүхэн “Аравт” киноны хөгжмийг толилуулах “Эзлэн” тоглолтоо энэ сарын 17, 18, 19-нд “Аса” циркт хийх гэж байгаа юм. Улсын филармонийн оркестр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дуучид, Л.Мөрдоржийн нэрэмжит ардын хөгжимчдийн улсын уралдааны гран-при шагналт морин хуурч Д.Шинэцог, “Ятгын хатан хаан” хэмээн нэрлэгддэг Ч.Мөнх-Эрдэнэ, ёочин Н.Шүрэнцэцэг, лимбэчин Г.Адъяадорж нар гээд үндэсний хөгжмийн нэрийг дэлхий дахинд сурталчилж яваа шилдэг уран бүтээлчид энэ тайзнаа чуулах нь ээ. Уг тоглолтдоо зориулж Б.Чинбат “Аравт”-ын ноотоо оркестрт зориулан шинээр бичихийн тулд тэрээр сар гаруй хугацаанд уйгагүй сууж дуусгасан аж.
Үүх түүхээрээ бахархах хөгжмийн тансаг үдэш айсуй.
Г.ДАША