Өнгөрсөн жил NBA-д ажил хаялт болж байсан. Харин энэ удаа Америкийн үндэсний хоккейн лигт ажил хаялт үргэлжилж байна. Өчигдөр NHL-ийн удирдлагууд тоглогчдын холбооны төлөөлөлтэй Нью-Йорк хотноо уулзалт хийжээ. Локаут эхэлснээс хойш хоёр тал анхны уулзалтаа хийсэн нь олны анхаарлыг ихэд татаж байв. Харамсалтай нь, эхний уулзалтаар ямар нэгэн тодорхой шийдвэр гаргалгүй тарлаа. Локаут дөнгөж эхэлж байгаа боловч хоккей сонирхогчид үүнийг “Удахгүй дуусна, NBA шиг удаан үргэлжлэхгүй” гэдэгт итгэлтэй байгаа ажээ. NHL-ийн удирдлага, багийн эзэд болоод тоглогчдын холбоог талцуулсан гол зүйл нь 3.3 тэрбум ам.долларын орлогыг хэрхэн хуваах тухай байсан. Одоогийн гэрээ ёсоор тоглогчид нийт орлогын 47 хувийг авч буй. Лигийн удирдлагууд энэ тоог 49 хувь болгохыг зөвшөөрсөн ч энэ нь тоглогчдод чамлалттай санагдаж, 57 хувийг авах шаардлага тавьсан. Гэхдээ тоглогчдын холбоо сүүлдээ буулт хийж, 54.3 хувийг авахаас татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Энэхүү ажил хаялтаас болж NHL-ийн тоглогчид буурал тивийн лигийг зорих нь ихэссэн. Тэр тусмаа манай хойд хөрш ОХУ-ын лигт олон шилдэг тамирчид түр хугацаагаар тоглохоор ирээд байна. Ялангуяа Оросоос төрсөн “Питтсбург”-ийн Е.Малькин, “Нью-Жерси”-гийн И.Ковальчук, “Оттава”-гийн С.Гончар, “Вашингтон”-ы А.Овечкин, “Филадельфи”-гийн И.Брызгалов, “Калгари” багийн Гудлер зэрэг шилдгүүд нутгийнхаа лигийн багт түр хугацаагаар хүчин зүтгэж, хоккей сонирхогчдыг баясгаж байна.
Т.МАША