“Их талын жазз” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

“Их талын жазз” нээлтээ хийлээ

“Их талын жазз” ТББ-аас зохион байгуулдаг олон улсын жазз хөгжмийн наадам өчигдөр 19.00 цагт УДБЭТ-т нээлтээ хийлээ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэ удаагийн наадамд Австралийн дуучин, төгөлдөр хуурч Бонни Женсен, саксафонч Грахам Жесс, Францын лимбэчин Эмил Калм, “The Laurent maur” хамтлаг, Туркийн хоёр уран бүтээлч анх удаа оролцож байгаа. Мөн өнгөрсөн жил ая дуугаа өргөсөн  Канадын дуучин Деб Расмуссен, Швейцарийн дуучин Элиан Амхерд нар дахин Монголын үзэгчдэд уран бүтээлээ толилуулах нь ээ. Энэ жилийн жааз хөгжмийн наадам онцлог ихтэй болох юм. Учир нь наадмын оролцогчид Цэргийн дуу бүжгийн ансамбль, Хөгжим бүжгийн коллеж, “Лотус” өнчин хүүхдийн асрах газар, “Kempinski” зочид буудалд хандивын тоглолт хийж, сургалт явуулах аж. Харин хаалтын тоглолт энэ сарын 6-нд “Blue sky tower”-т эгшиглэх нь ээ.

Уг наадмыг санаачлагч, “Их талын жазз” ТББ-ын тэргүүн Н.Ганбаттай наадмын нээлтийн өмнө уулзлаа.

-Жазз хөгжмийн наадам нээлтээ хийлээ. Энэ жилийн наадмын оролцогчдыг танилцуулна уу?

-Энэ удаагийн жазз хөгжмийн фестивальд маань есөн орны 11 уран бүтээлч оролцож байна. БНХАУ-аас анх удаа жазз хөгжмийн хамтлагийнхан ирэх байсан боловч бичиг баримтын асуудлаас болоод чадсангүй. Харамсалтай байна. Энэ жилийн жазз наадамд Австрали, Францын уран бүтээлчид анх удаа оролцож байгаа.

-Та бол уг наадмыг санаачлагчдын нэг. Таныг сүүлийн дөрвөн жил Хөххотод байсан гэж дуулсан?

-Би сүүлийн дөрвөн жил БНХАУ-д гэр бүлээрээ ажиллаж, багшилж байгаад ирсэн. За энэ хооронд манай “Их талын жазз”-ын үйл ажиллагаа, олон улсын жазз фестивалийг тэргүүнээр ажиллаж байсан Энхбат болон хамтран ажиллаж байгаа залуус, уран бүтээлчид болох Куш, Оюука, Маралаа гээд маш олон сайхан залуус энэ ажлыг маань амжилттай авч явж байсан. Өдий хэмжээнд өргөн хүрээтэй болтол нь ажил хийж ирсэн. Би энэ жил ажлын гэрээ дуусаад эх орондоо ирсэн, Энхбат мэргэжлийн ажлаа хийхээр болсон учраас энэ жилийн наадмаас ажилдаа эргэн орж байна. Энэ жилийн манай байгууллагын  гол зорилго бол гадны жааз хөгжимчдийг урин сургалт зохион байгуулах ажлыг түлхүү хийхээр төлөвлөөд байгаа.

-Наадмын хүрээнд ч бас сургалтуудыг төлөвлөсөн байсан?

-Тийм ээ. Энэ удаагийн наадмын оролцогчид маань Хөгжим, бүжгийн коллеж, СУИС, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчидтэй хамтран тоглон сургалт явуулна. Мөн Филармоний Баянмонгол чуулгынхантай сургалт хийхээр ярьсан. Эдгээр мэргэжлийн жазз уран бүтээлчдээс ямарваа нэгэн өөртөө хэрэгтэй зүйлийг олж, мэдэж авч үлдэх нууц зорилго байгаа. Ийм мэргэжлийн  өндөр төвшний уран бүтээлчид Монголд байнга ирээд байдаггүй, тийм бололцоо ч бага. Тийм болохоор энэ бололцоог манай жааз хөгжим сонирхдог залуус, уран бүтээлчид маань бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Тиймээс бид боломжийг олгохоор “Kempinski”, “Blue Sky” зочид буудлуудын клубуудад үдэш бүр чөлөөт тоглолтуудыг үнэ төлбөргүй хийнэ. Энд ирээд суралцаад, тоглоод, асуух зүйлээ асуун, туршлага суралцан, харилцан ярилцах боломжтой.

-Жааз хөгжмийг клубын урлаг хэмээх нь олонтаа. Гэхдээ танай нээлтийн тоглолтыг сонгодог театрт үзнэ гэхээр сайхан байна?

-Жааз хөгжим сонгодог хөгжмийн нэг төрөл. Хэдийгээр клубт үүссэн ч жазз хөгжмийн тоглох ур чадвар, уран сэтгэмж сонгодог төвшинд байдаг гэж үздэг шүү дээ. Тиймээс жазз хөгжмийг тоглох уран бүтээлчид маш их ур чадвар, онолд нь суралцах, уран сэтгэмжтэй байх шаардлагатай. Жааз хөгжим өөрөө дотроо сонгодог, модерн, стандарт гээд олон тал, өргөн хүрээтэй сайхан урлаг. Тиймээс л бид нээлтээ сонгодог орчинд хийж байна.

-Өнгөрсөн жилийн наадамд үндэсний хөгжмийг жазз хөгжимтэй хослуулан тоглосон нь үзэгчдэд их таалагдаж байсан. Энэ жил дахин үндэсний хөгжимтэй хамтран тоглох уу?

-“Blue Sky”-т болох хаалтын тоглолтод манай Хөгжим, бүжгийн коллежийн хуучрын ангийн хүүхдүүд жазз хөгжмийн мастеруудтай хамтарч тоглоно. Мөн Цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид, Куш, Оюунаа нар хамтран дуулна гээд гала тоглолт маань маш сонирхолтой өвөрмөц байх болов уу. Энэ жилийн бидний зорилго бол жазз наадамдаа залуу, шинэ уран бүтээлчдийг түлхүү оруулах. Хаалтын тоглолт хүртэл залуус маань бидний гадуур зохион байгуулах үдшийн тоглолтууд дээр саатан тэдэнтэй хамтран тоглох санал, сэтгэлгээгээ бидэнд гаргах юм бол чөлөөтэй. Түүнээс биш бид хэн нэгнийг нэр заан чи тогло, чи биш гэж ялгаварлахгүй. Жаззыг үнэхээр сэтгэл зүрхээрээ сонирхдог хүн бол өөрөө ирнэ. Өөрөө суралцан тоглохыг хүснэ. Үүнийг л бид бадраахын тулд нээлтийн тоглолтоо зөвхөн гадны уран бүтээлчдийн хөгжим, аялгуугаар бүрдүүлж байгаа.

-Тоглолтын өмнө таныг гадны уран бүтээлчидтэй хамтран бөмбөр тоглож байхыг харсан. Та нээлтийн тоглолтод оролцох уу?

-Миний хувьд өнөөдөр яах аргагүй зарим нэг дуучид, уран бүтэлчидтэй хамтарч тоглохоор боллоо. Учир нь БНХАУ-ын мундаг басс хөгжимчин, төгөлдөр хуурч хоёр ирэх байсан ч амжаагүй. Анх тохиролцсон ёсоороо гадны дуучдад төгөлдөр хуурч, басс дутаж байгаа учраас би өөрөө тоглолтынхоо шаардлагын дагуу тэдэнтэй хамтран тайзнаа гарахаар болж байгаа юм. Төгөлдөр хуур бол миний мэргэжил. Харин би бөмбөрийг өөрөө сонирхдог учраас тоглодог. Жазз хөгжимд дуртай хүн гитар, саксфон бүгдийг тоглож сурч болно шүү дээ. Даанч надад тийм цаг алга.

-Та ингэхэд анх яагаад жазз хөгжмийг сонирхох болов?

-Төгөлдөр хуурын мэргэжлээр Хөгжим, бүжгийн дунд сургуулийн наймдугаар ангийг төгсөөд Армяны нийслэлд хөгжмийн дунд сургуулийг дүүргээд, мөн тэндээ хөгмийн дээд сургууль төгссөн. Би сонгодог төгөлдөр хуураар төгссөн. Гэхдээ өөрөө жазз хөгжимд дуртай болохоор жазз гэж юу байдаг вэ гэдгийг Монголын урлагийн зөвлөлийн хамт олны дэмжлэгээр АНУ, Канадад очиж богино хугацаанд очиж суралцаж байсан. Тэнд очоод жазз хөгжим гэдэг бол агуу урлаг юм байна. Үүнд үнэхээрийн мэргэжлийн төвшинд суралцах хэрэгтэй юм байна гэдгийг бүрэн дүүрэн ойлгосон. Тиймээс энэ байгууллагыг үндэслэн байгуулж, жазз фестивалийг явуулж, үзэгч, залууст хүргэх, сонсгох зорилгыг тавьж ажилласан.

Ингээд “Их талын жазз” олон улсын хөгжмийн фестивалийн хуваарийг толилуулья:

Аравдугаар сарын 3-нд

14.00-.16.00  “Нээлттэй хичээл” Хөгжим, бүжгийн коллежд
20.00-22.00 “Жазз хамтарсан тоглолт” Blue Sky Tower

Аравдугаар сарын 4-нд
10.00-12.00 “Жааз хандивын тоглолт” “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн газар
15.00-17.00 “Нээлттэй хичээл” Цэргийн соёлын төв өргөө /Офицеруудын ордон/
18.00-19.30 “Жааз хамтарсан тоглолт” ЦДБЭЧ   /Офицеруудын ордон/
20.00-22.00 “Жазз хамтарсан тоглолт” “Kempinski” зочид буудал
22.00-24.00 “Жазз хамтарсан тоглолт” Blue Sky Tower

Аравдугаар сарын 5-нд
15.30-17.30 “Нээлттэй хичээл” хамтарсан тоглолт СУИС
20.00-22.00 “Гала хаалтын тоглолт”  Blue Sky Tower

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж