”Тод манлай” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

”Тод манлай” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгджээ

Тариан түрүү хөдөө талд алтран халиурч, хүйтнээс өрссөн хадланчид өглөөний нартай уралдаад л. Зунжин амарсан хүүхэд залуус эрдэм номын мөр хөөн их хотын зүг, цаашлаад харь орны тийш хүлгийн жолоо залаад л. Өөрийн эрхгүй хөл хөдөлгөөнд  орох ч намрын налгар өдрүүд цаанаа л нэгийг өгүүлэн үе үехэн бодолд автуулах нь бий.

Ийм л нэгэн “нүргээнт” өдрүүдэд өнгө нэмэх “Тод магнай” сэтгүүлийн 34 дэх дугаар худалдаанд гарлаа. Энэ удаагийн сэтгүүлийн хүндэт зочноор Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул “Таван толгой” ХК-ийн захирал Хүүгийн Түмэнбаяр уригджээ. Хурдан хүлгэдийн тоосонд хийморь лундаагаа даатгаж, тэр жилдээ алзахгүй хэмээн сайхан сайхныг бэлгэшээдэг ард түмэн билээ, бид.  Тэр ч утгаараа Түмэнбаяр уяач  “Монголчууд бэлгээрээ улс. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ.  Соёолон түрүүлгэсэн болохоор ажил үйлс маань илүү өөдрөг байна” хэмээн хуучилжээ. Энэ жил тун ч одтой наадсан Өмнийн цэнхэр говийн унаган хүүгийн сонирхолтой ярилцлагыг шимтэн уншина бизээ.

Улсын наадмыг залгаад бүсийн наадмууд үргэлжлэн өргөн дэлгэр болж өндөрлөсөн. Сэтгүүлийн сурвалжлах багийнхан зүүн, баруун, төв, говийн бүсийн наадмуудад газар дээр нь ажиллаж,  үйл явдлын мэдээг өөрийн “Тод магнай” сайтаараа цаг тухайд нь мэдээлж байсан билээ. Харин энэ удаагийн дугаарт зүүн бүсийн даншгийн зүг үүргэвчээ үүрээд гарсан багийнхан явсан газрынхаа сонин сайхнаас дэлгэжээ. Мөн “Урт чих”, “Урлаг соёл”, “Эмч зөвлөж байна”, “Дэлхийн морин спорт” гэхчилэн уламжлалт булангууд шинэ сониноор дүүрэн байна. Өөрөөр хэлбэл “Тод магнай”-н гал тогоо халуухан бас үйл явдлаар өрнүүн байсан гэж болно. Энэ бүхнээ шинэ дугаартаа багтааснаа сэтгүүлийн хамт олон дамжуулна билээ.

Нэмж сонирхуулахад Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын түрүүлж, айрагдсан морьдын эздийн сэтгэгдлийг, фото зургийн хамтаар “Тод магнай” сэтгүүлийн баярын дугааруудад /дугаар 31-т дээд гурван нас,32–т дунд гурван нас, 33-т эрлийз морьд/ багтаасан байгаа. Эдгээр баярын дугааруудыг багцаар нь  худалдан авах сонирхолтой хүмүүс “Тод магнай” сэтгүүлийн борлуулалтын албаны 9406-2992, 9665-2992 дугаарт хандаж болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж