Лениний музей хэнийх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Лениний музей хэнийх вэ?

Лениний музей зарагдаж магадгүй гэсэн албан бус мэдээллийн дагуу өнөөдөр 10.00 цагт Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал  нарын албаныхан музейн байдалтай очиж танилцлаа.

Тэднийг очиход хоёр давхарт нь засварын ажил явуулж байв. Гэхдээ яг музей хариуцсан болон энэ барилгын талаар мэдээлэл өгөх хүн байсангүй.

 Энд үйлчилгээ явуулах зорилгоор засварлаж байгаа талаар тэнд байгаа зарим хүмүүс хэлэв. Хамгийн аюултай нь, Лениний музейн олдвор, ховор бүтээлүүд хаана хадгалагдаж байгаа нь тодорхойгүй байлаа. Хариуцан ажиллаж байгаа хүн нь байхгүй байсан учраас албаныхан өнөөдөр музейн дотоод сан хөмрөгийг шалгаж үзэх боломжгүй болсон юм. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Лениний музейн захиргаанд албан тоот явуулж, эзэн холбогдогчийг олж, энэ асуудлыг яаралтай шийдэхийг даалгаад, аравдугаар сарын 8-нд Үндэсний музейд хэлэлцүүлэг зарлахаар боллоо.

Нэг хэсэг төрийн эзэмшилд байсан уг музейн барилга одоо МАН-ын өмчлөлд /МАН-ын нэгэн гишүүнийх гэх яриа ч байв/ байдаг бололтой. Тодруулбал, 1997 онд Төрийн өмчийн хороо  байгуулагдаж, улсын өмчийг тоолоход 60 орчим барилгад өмчийн маргаан үүсч байсны нэг нь Лениний музей  байсан аж. Учир нь уг газрыг  төрийн өмч гэж үзээд тоолох гэтэл   МАН-аас /хуучнаар МАХН/ "Манай намын өмч" гэсэн хариулт өгснөөр  маргаан үүсч байжээ. Ингээд 1996 онд "МАН-ын өмч мөн" гэсэн шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш одоог хүртэл МАН-ын өмч гэдгээр бүртгэлтэй байдаг аж. Музейг  одоогийн байдлаар “MGL” хэмээх компани түрээсэлж байгаа талаарх мэдээллийг албаныхан өглөө.

Дашрамд дуулгахад, Монголын түүхийн болоод байгалийн хосгүй үнэт олдворыг хадгалж, таниулах учиртай Байгалийн түүхий музей хэзээ мөдгүй нурах шахсан учраас яаралтай нүүлгэх шаардлага үүсээд байгаа. Байгалийн түүхийн музейг музейн зориулалттай ганц барилга гэдэг утгаар нь Лениний музей рүү шилжүүлэх тухай яригдаж байсан ч музейн барилга байшингийн асуудал ийнхүү маргаан дагуулж эхэллээ.

Улсын өмчид хамаарах барилга байшин нь хүртэл хэний мэдэлд байгаа нь ойлгогдохоо больж, эмх замбараагаа алдсан үл хөдлөх хөрөнгийн маргаанд холбогдох байгууллагууд яаралтай анхаарлаа хандуулахгүй бол энд хадгалагдаж байсан үнэт олдворууд бусдын гарт үрэгдсэн байж болзошгүй болжээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж